Засгийн газар

Шахмал түлшний түүхий эд болох барьцалдуулагчийг манай улс БНХАУ-аас авдаг. Гэвч барьцалдуулагч үйлдвэрлэж байгаа мужид вирусын тохиолдол илэрч, хөл хорио тогтоосон. Үүнтэй холбоотойгоор нийлүүлэлт зогсож магадгүй байна. Харин салбарын сайд барьцалдуулагчтай холбоотойгоор ямар нэгэн хүндрэл гарахгүй. Өөр улсаас авч болно. Мөн барьцалдуулагчгүй шахмал түлш үйлдвэрлэж болно гэсэн юм.

Барьцалдуулагч үйлдвэрлэдэг БНХАУ-ын зарим мужид коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, улмаар хөл хорио тогтоосон. Үүнтэй холбоотойгоор дамжин өнгөрөх тээврийн хэрэгсэлд хязгаарлалт хийж, зарим үйлдвэрүүд хаалгаа бариад байгаа. Энэ нь барьцалдуулагч болон утаа мэдрэгч импортлон авахад хүндрэл учруулж болзошгүй байгааг хотын удирдлагууд хэлсэн.

Хэрэв БНХАУ-аас барьцалдуулагч нийлүүлэх боломжгүй байдал үүсвэл өөр улсаас импортоор авна. Одоогоор ОХУ-аас авах талаар яриа өрнөж эхэлжээ. Гэхдээ зөвхөн ОХУ-аас хязгаарлагдахгүй, барьцалдуулагч үйлдвэрлэдэг олон орон байгаа гэдгийг салбарын сайд хэллээ.

Барьцалдуулагчийн хоёр долоо хоногийн нөөц байгаа. Мөн шахмал түлшний нийлүүлэлтэд ямар нэгэн доголдол үүсээгүй. Ойрын өдрүүдэд цаг агаар дулаан байсан учир илүүдэлтэй байгаа гэсэн юм.