Засгийн газар

COVID-19 буюу Коронавируст халдварын тохиолдол 26 улс оронд бүртгэгдэж, өвчилсөн хүн 75,122, нас барсан хүний тоо 2005 хүрээд байна. Харин манай улсын хувьд эрсдлийн үнэлгээ өндөр хэвээр байна. Давтан үнэлгээгээр мөн зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл өндөр гарчээ. Тиймээс Засгийн газраас хагас өндөржүүлсэн бэлэн байдал зарласан горимоо 3-р сарын 30-ныг хүртэл сунгахаар боллоо.

Манай улсад шинэ төрлийн вирусын халдвар орж ирэх эрсдэл өндөр хэвээр байна. Тиймээс урьдчилан сэргийлэх зорилгоор засгийн газрын хуралдаанаас дээрх шийдвэрийг гаргажээ. Мөн сургалтын байгууллагын үйл ажиллагаа эхлэх хугацааг 3-р сарын 30 хүртэл сунгаж,  хичээлүүдийг онлайнаар үргэлжлүүлэн явуулна.

Зарим аймагт гадагш гарч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг гаргажээ. Гэвч орон нутгийн удирдлагууд бие даан ийм шийдвэр гаргах боломжгүй гэдгийг Батлан хамгааллын сайд мэдэгдлээ. Үүнтэй холбоотойгоор мөн цагаан сарын баярын өдөр орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөний хязгаарлана гэх мэдээлэл цахим сүлжээнд нийтлэгдэж байгаа ч албан ёсоор шийдвэр гараагүй байгаа гэдгийг хэлсэн юм.

Иргэд олны нийтийн газар явахдаа амны хаалтаа зүүх, тогтмол гараа угаахаас гадна дархлаагаа дэмжих шаардлагатай. Тиймээс иргэдийг идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх боломжоор хангах үүднээс спорт заал, фитнессийн үйл ажиллагааг хэвийн явуулж байна. Харин олон нийтийг хамарсан тэмцээн, уралдаан явуулахыг хориглосон. Мөн БНХАУ-ын талтай хорио цэрийн үед хэрхэн ажиллахаа ярилцаж байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор тус улс хорио цээрийг дэглэмээ 3-р сарын 28 хүртэл сунгаад байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ