2020.02.20

Засгийн газар

Байгалийн хийн хоолойг Монгол улсын нутгаар дайруулан хийх боломжтой гэдэг шийдэлд хоёр тал хүрсэн. Хоёр талаас эрчим хүчний салбар хариуцсан дэд сайдуудаар ахлуулсан ажлын хэсэг гарсан байна. Байгалийн хий хоолой тавих асуудалд БНХАУ-ын санал чухал. Тэгвэл ажлын хэсгээс БНХАУ-д санал хүргүүлсэн байна.

ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх асуудал яригдаж байгаа. Гол нь тус хийг БНХАУ-д хүргэхдээ Монгол улсын нутгаар тэр дундаа босоо тэнхлэгийн төмөр замын маршрутыг дагуулах асуудал яригдаж эхэлсэн. Үүнийг өнгөрсөн 12 дугаар сард хийсэн Ерөнхий сайдын айлчлалын үеэр талууд ажлын хэсэг гарган судалгааны ажил эхлүүлэхээр болсон юм. Хоёр улсын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн ажилдаа хэдийнэ орсон байна. Харин БНХАУ-д гараад байгаа коронавирусын халдвараас шалтгаалан ажил түр зогссон байгааг Эрчим хүчний сайд хэлж байна.

Монголын нутгаар хийх хоолой дамжуулах нь эдийн засгийн ашиг орлого их гэж албаныхан харж байгаа.

Тодруулбал мянган метр куб хийг 100 км хоолойгоор дамжуулахад 2.5 ам доллар байдаг байна. Монгол улсын төмөр замыг дагуулан хийн хоолойг байрлуулбал мянга гаруй км үргэлжлэх юм. Жилд дунджаар 38 тэрбум шоо метр хий нэвтрүүлнэ гэж тооцвол тэрбум орчим ам.долларын орлого олно гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргажээ. Байгалийн хийн хоолойг Монголын нутгаар тавих төслийн судалгааны болоод ТЭЗҮ боловсруулах зэрэг ажил багадаа жил гаруй хугацаанд үргэлжлэхийг холбогдох албаныхан хэлж байгаа юм.