Засгийн газар

Бүгд Найрамдах Солонгос Улсад Коронавирус өвчний халдвар авсан иргэдийн тоо хурдтай нэмэгдэж байна. Өглөөний 11 цагийн байдлаар 790 гаруй хүн өвчилж 7 иргэн нас баржээ. Энэ улсад Монголын 40 гаруй мянга иргэн ажиллаж амьдардаг. Агаарын тээврийн гол нислэг ч энэ улс руу хийгдэж байгаа юм. Тийм учраас өвчин орж ирэх магадлал өндөр гэж Улсын онцгой комисс үзлээ. Аюул ойрхон байгаа учраас 3 сарын 2  буюу ирэх Даваа гараг хүртэл Бүгд Найрамдах Солонгос Улстай хийж байгаа ирэх, явах бүх нислэгийг зогсоохоор болсон байна.  

БНСУ-д коронавирусын халдварын тоо огцом нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрсэн. Тиймээс Инчёон болон Пусаны бүх нислэгийг ирэх Даваа гараг хүртэл зогсоохоор Улсын онцгой комисс шийдвэрлэлээ. БНСУ-аас ирэх явах нийт 18 нислэг байгааг Зам, тээврийн хөгжлийн сайд мэдээллээ. БНСУ-аас 2,500 гаруй хүн ирэх болон явах билет захиалжээ. Эдгээр иргэдийг хязгаарлалт тавигдсаны дараа өмнө нь авсан билетээрээ зорчих нөхцөл боломжоор хангаж өгөхөөр хоёр улсын талууд тохиролцсон байна. Халдвар огцом өссөнтэй холбоотойгоор зарим улс орнууд БНСУ руу хийх нислэгээ цуцлах, ард иргэдээ тус улс руу зорчуулахгүй байх зэрэг арга хэмжээг авч эхэлсэн байна. Манай улсын хувьд онгоцонд халуунтай хүн суулгахгүй байх, шалгалтаа нарийвчлах, халдвартай бүсээс хүн суулгахгүй байх зэрэг шаардлагыг тавьж эхэлжээ.

ДЭМБ-аас Иран, Солонгос, Итали улсад COVID-19 халдвар нэмэгдэж байгаа учраас цар тахалд хүрэхэд ойрхон байгааг сануулж байна. Манай улсын хувьд ч холбогдох яам, онцгой комисс шаардлагатай арга хэмжээг авсаар байна. Өнөөдрийн байдлаар 134 сэжигтэй тохиолдол тусгаарлан хянаж байгаа юм. Хянагдаж байгаа иргэдийн биеийн байдал хэвийн байгааг Эрүүл мэндийн сайд мэдээллээ. Манай улсад халдварын үзлэг оношилгоог олон улсын түвшинд хүрэхүйц хийж байгааг салбарын сайд онцоллоо.

Дэлхийн олон улс иргэддээ БНСУ-руу зорчихгүй байх, нислэгээ хязгаарлах, иргэдийн тоог хязгаарлах зэрэг арга хэмжээ авч эхэлсэн байна. Зарим улс орнууд БНСУ-д зорчоод ирсэн иргэдээ 14 хоног тусгаарлах зэргээр арга хэмжээ авч эхэлжээ.

Нийслэл хотод тусгай алба хаагчдад зориулан 8 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг бага оврын автобусаар хүргэж байна. Тусгай алба хаагчдын ажлын үнэмлэхийг шалгаж зорчуулж байгаа юм байна.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр манай улсад Тэгү хотоос 4 гэлэнмаа ирсэн байна. Эдгээр гэлэнмаа, болон 17 хүнийг тусгаарлан хянаж байгааг Эрүүл мэндийн сайд мэдээллээ. Тэгү хотоос ирсэн гэлэнмаа нар халдвар гарсан сүмийнх биш болохыг нь тогтоосон байна. Тусгаарлагдан хянагдаж байгаа иргэдийн дунд халуурсан, хоолой өвдсөн шинж тэмдэг илрээгүй хэвийн байгааг салбарын сайд мэдээллээ. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ