Иргэд Цагаан сарын баярыг цомхон тэмдэглэхийг уриалж байна 

Ковид-19 /дотоод/

Удахгүй уламжлалт сар шинийн баяр тохионо. Харин эдгээр өдрүүдэд коронавируст халдварын Омикрон хувилбарын тархалт болон томуугийн дэгдэлтийн оргил үе тохионо гэж үзэж байгаа юм. Сар шинэ болон хичээл эхлэх үеэр өдөрт илрэх халдварын тоо 20 мянгад хүрч магадгүйг ч онцолж байна. Тийм учраас Цагаан сарыг цомхон тэмдэглэх, гэр бүлийн хүрээндээ золгож айл хэсэхгүй байхыг Улсын онцгой комиссоос уриалсаар байна. Тэгвэл энэ тал дээр иргэд ямар байр суурьтай байгааг үзэгч танд хүргэе. 

Өнөөдөр коронавируст халдварын 1,208 тохиолдол батлагдлаа. Эдгээрийн дийлэнх нь буюу 842 нь нийслэлд, 330 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин гаднаас зөөвөрлөгдсөн 36 тохиолдол байна.

Дотоодод Омикрон хувилбар батлагдсан учраас УОК-оос иргэдийг олон нийтийн арга хэмжээнээс татгалзах, нийтээр тэмдэглэдэг баяр ёслолыг цомхон өнгөрүүлэх зэрэг зөвлөмжийг өгч байгаа юм. Иргэдийн хувьд удахгүй болох Цагаан сарын бэлтгэлээ базааж байгаа ч засгийн газрын шийдвэр хэрхэн гарахыг хүлээж байна гэдгийг хэлж байна. 

Иргэдийн хувьд Цагаан сарын баярыг ёс заншил, тухайн жилийн өнгөө харж идээ будаагаа засна. Гэхдээ айл хэсэхгүй, хүн урихгүй байхаар төлөвлөж байна гэдгийг хэлж байлаа.

Халдварын тохиолдол буурахгүй байгаа энэ үед засгийн газрын шийдвэрийг дагах нь зүйтэй гэдэг байр суурийг ч илэрхийлж байсан юм.

Сүүлийн 10 хоногийн хугацаанд халдварын тохиолдол нэмэгдэж өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо 4500-д хүрээд байна. Эдгээрийн дотор биеийн байдал нэн хүнд 33, хүнд 590 хүн байна. гэрийн тусгаарлалтад 11 мянга гаруй хүн бийг салбар яамнаас мэдээлжээ.