Засгийн газар

Монгол Улсын засгийн газар Ковид-ийн 19 ийн улмаас үүсч байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд таван их наяд төгрөгийн багц санхүүжилт хийх гэж байна. Энэ мөнгө бол зээл болон төсвийн хэмнэлт биш. Монгол Улсын онцгой үед гаргаж байгаа нөөц боломж юм. Зарим эдийн засагчид инфляци өсч, валютын ханш чангарч болзошгүй гэж үзэж байгаа. Тэгвэл эдийн засагт ийм савалгаа огт үүсэхгүй гэдгийг Сангийн сайд хэллээ.

Манай улс шинэ коронавирусний тархалтаас сэргийлэн ажиллаж байгаа гурван сарын хугацаанд 200 орчим тэрбум төгрөгийг засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаад байна. Үүн дээр нэмээд эдийн засгийн хүндрэлээс сэргийлэх, иргэдийн амжиргааг дэмжих, аж ахуй нэгжүүдийг эрсдэлээс хамгаалах үүднээс 5.1 их наяд төгрөгийн багц санхүүжилт хийх шийдвэр гаргасан.

Тэгвэл засгийн газар их хэмжээний санхүүжилтийг эдийн засагт хийснээр инфляци, валютын ханш өсөх эрсдэл үүсэх магадлалтай гэх байр сууриуд хөвөрч эхлэсэн. Харин Сангийн сайдын зүгээс энэ асуудлыг сайтар тооцсон тул өсөх эрсдэл гарахгүй гэдгийг хэллээ.

НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАХ НӨӨЦ ЗАСГИЙН ГАЗАРТ БИЙ ГЭЛЭЭ

Засгийн газар өнгөрсөн хугацаанд эдийн засгийн сахилга батыг сайжруулж, санхүүгийн эрсдэлээс сэргийлэн ажилласны дүнд улсын төсвийн тал хувьтай тэнцэх хэмжээний хуримтлал үүсгэжээ. Тиймээс улсын төсвийг тодотгож бүтээн байгуулалтын ажлуудыг танах шаардлагагүй гэдгийг засгийн газрын тэргүүн онцоллоо.

2016 онд дампуурлаа зарлах хэмжээнд байсан манай улсын эдийн засаг 6-7.3 хувиар өссөн. Үүний дүнд 8.2 их наяд төгрөгийн өр барагдуулж өрийн дарамтаас гарсан гэдгийг хэлж байгаа юм. Үүний дүнд шаардлагатай нөхцөлд зарцуулах хуримтлалаа одоо гаргаж цар тахлаас сэргийлэн улс нийтээрээ эрсдэл багатай давах үүднээс бүхий л боломжоо дайчлан ажиллаж байгааг засгийн газрын гишүүд хэлж байна.