Засгийн газар

Ковид-19 халдвар дэлхий нийтэд тархсантай холбоотой эдийн засгийн хүндрэл үүсч эхлэсэн. Улмаар төрийн тэргүүн болоод Ардчилсан намын зөвлөл улсын төсвийг тодотгож бүтээн байгуулалт болон бусад шаардлагагүй зардлыг танах саналыг удаа дараа гаргаж байгаа. Өнөөдөр Ардчилсан намын зөвлөлийн дарга бүтээн байгуулалтын зардлыг танаж арилжааны банкуудад зээлийн эх үүсвэр хэлбэрээр олгох санал гаргалаа. Харин Сангийн сайдын зүгээс тийм зүйл байхгүй гэдгийг хатуу хэлж арилжааны банкуудад хангалттай боломж олгож байгааг онцолсон юм.

Цар тахлын эсрэг эдийн засгийн арга хэмжээ авахдаа улсын төсвийг тодотгох замаар сонгуулийн болон бүтээн байгуулалтын тэвчиж болох зардлыг танах саналыг сөрөг хүчин удаа дараа гаргаж байгаа. Харин Сангийн сайдын зүгээс эдийн засагт хүндрэл үүсч байгаа өнөөгийн нөхцөлд төсвийг танах биш эдийн засгийг тэлэх бодлого баримтлах шаардлагатай гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл өнөөдөр Улсын их хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга төсвийн тодотгол хийх замаар зарим бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын зардлыг танаж арилжааны банкуудад зээлийн эх үүсвэр хэлбэрээр олгох санал гаргасан нь маргаан үүсгэлээ.

Арилжааны банкуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголбанк бодлогын хүүгээ нэг пунктээр буулгахаас гадна банкуудад заавал байлгах бэлэн мөнгөний нөөцийн хэмжээг бууруулах шийдвэр гарсан. Тодруулбал арилжааны банкуудад заавал байлгах мөнгөний нөөц 10.5 хувь байсныг хоёр пунктээр буулгаж 8.5 хувь болгосноор 325 тэрбум төгрөгийн эх үүсвэр гарсан байна. Дээрх эх үүсвэрээр банкууд иргэдийн зээл төлөх хугацааг хойшлуулах, иргэн аж ахуй нэгжүүдэд зээл олгох боломжийг нээн төрөөс дэмжлэг үзүүлсэн юм. Гэвч дээрх эх үүсвэрээр зээл гаргасан эсэх нь эргэлзээтэй байхад нэмж арилжааны банкуудад мөнгө өгөх асуудал ярьж байгааг Сангийн сайд хатуу шүүмжиллээ.

Төрөөс гаргасан шийдвэр арилжааны банкууд дээр хэрэгжихдээ удаашралтай байгаа. Өөрөөр бол манай улсад монополь байдал тогтоосон арилжааны банкууд иргэдийн зээлийг хойшлуулахдаа орлого буурсан эсэхээ заавал нотлох шаардлага тавьж байгаа юм. Харин Сангийн сайдын зүгээс банкуудад боломжийнхоо хэмжээнд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгааг энэ үеэр онцоллоо.