Засгийн газар

Сайжруулсан шахмал түлшний худалдааг нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх гэж байна. Ингэснээр үнэ хямд, иргэдэд хүртээмжтэй хүргэх боломж бүрдэнэ гэж засгийн газар үзэж байгаа юм. Хуулийн төслийг өнөөдөр төсвийн байнгын хороо хэлэлцлээ.

Засгийн газраас сайжруулсан шахмал түлшийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн барьсан. Гэвч төслийн томъёолол буруу байгааг УИХ-ын төсвийн байнгын хорооны дарга хэллээ. Тодруулбал,

Зөвхөн шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөхөөр оруулж ирсэн нь нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдтэй харьцах асуудалд хүндрэл учруулна гэж үзжээ. Тиймээс засгийн газар төслөө татаж дахин оруулж ирэх хэрэгтэй

гэлээ.

Харин Эрчим хүчний сайдын зүгээс төслийг хэлэлцүүлгийн шатанд засварлах санал гаргаж сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийг яаралтай батлах хэрэгтэйг онцоллоо. Учир нь иргэд нэг тонн шахмал түлшийг НӨАТ-гүй үнэ буюу 150 мянган төгрөгөөр худалдан авч байгаа юм. Энэ нь үйлдвэрийн үйл ажиллагаанд хохиролтой байгаа тул уг хуулийн төсөл хэрэгтэйг хэллээ.

Сайжруулсан түлшийг НӨАТ-аас чөлөөлөхгүй бол иргэд нэмэгдэл үнээр худалдан авна гэдгийг ийнхүү хэлж байна. Тиймээс төслийг татаж авахгүй хэлэлцүүлгийн шатанд өөрчлөлт оруулахаар болж төсвийн байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжлээ. Улмаар УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.