Засгийн газар

Монгол Улс тусгай нислэг үйлдэж Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас иргэдээ татан авсан. Дахин авахаар ч төлөвлөж байгаа юм. Тэгвэл өнөөдөр Энэтхэгээс эх орондоо ирсэн иргэд засгийн газар, Улсын онцгой комисст талархсанаа илэрхийллээ. Цаг агаарын маш халуун нөхцөлд өвчин зовлонтой, хөрөнгө мөнгөгүй болж хэцүүхэн нөхцөл үүсээд байгааг тэд ярьж байна. Иргэд баярласан сэтгэлээ илэрхийлж амны хаалт, хамгаалах хувцас хэрэглэл цуглуулан онцгой комисст хандивлалаа.

Улсын онцгой комисс ирэх зургадугаар сард найман удаагийн тусгай нислэг хийх хувиарыг баталсан байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн өнцөг булан бүрээс эх орондоо ирэх хүсэлт илгээсэн 10,583 иргэний асуудлыг судлан хүндэтгэн үзэх шалтгаантай, нөхцөл байдал нь хүндэрсэн улсууд руу нислэг хийхээр болжээ.

Хамгийн эхэнд Казахстан Улс руу тусгай үүргийн онгоц илгээхээр төлвөлсөн байна. Учир нь тус улсаас манай улсын 1,097 иргэн эх орондоо ирэх хүсэлт илгээжээ. Үүний дараа 6-р сарын 11-нд Япон Улсын нийслэл Токио хот руу тусгай үүргийн онгоц илгээнэ. Тус онгоцоор ирэх иргэдийн дийлэнх нь оюутан байгаа юм байна. Харин зургадугаар сарын 15-ны үеэр Энэтхэг Улс руу нислэг хийхээр төлөвлөжээ. Гэхдээ нислэгийн зөвшөөрлийг аваагүй байгаа тул хугацаа өөрчлөгдөх магадлалтайг онцоллоо. Үүний дараа 6-р сарын 17-нд Солонгос Улс руу тусгай үүргийн онгоц нисгэнэ. Тус онгоцоор транзит буюу дамжин өнгөрөх зорчигчдыг авч ирэх бол 18-ны өдөр буюу маргааш нь Солонгос Улсад ажиллаж амьдарч байгаа иргэдээс татан авахаар төлөвлөлөө.

Ирэх сард найман удаагийн тусгай үүргийн онгоц нисгэж иргэдээ татахаар төлөвлөснөөс зургаан удаагийн нислэгийг товлож үлдсэн хоёр нислэгийг нөхцөл байдлыг харж байгаад аль улс руу хийхээ шийднэ гэлээ.

Харин энэ сарын 19-ний өдөр Энэтхэг Улсаас захиалгат нислэгээр 158 иргэнээ татан авсан. Дээрх иргэд эх орондоо ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлсэн Улсын онцгой комисст 120 ширхэг иж бүрэн хамгаалах хувцас хандивласан юм.

Энэтхэг Улсаас ирсэн иргэдийн нөхцөл байдал маш хүнд байсныг онцлоод эх орондоо ирсэндээ баяртай байгаагаа ийнхүү хэллээ. Манай улс өнөөдрийн байдлаар 9068 иргэнийг тусгай үүргийн онгоцоор болон хилийн боомтоор татан аваад байна