Засгийн газар

 

УОК 24-р хуралдаанаа өнөөдөр хийж ирэх долдугаар сарын эхний хагаст хийх чартер нислэгийн хуваарийг баталлаа.

Тодруулбал: 7-р сарын 2-нд Сөүл хот руу нислэг хийх бол 7-р сарын 4-нд Токио, 7-р сарын 7-ны өдөр Сөүл, 7-р сарын 9-нд Турк Улсын нийслэл Станбул хот руу нислэг үйлдэнэ. Мөн 7-р сарын 15-нд дахин Сөүл хот руу нислэг хийхдээ бусад улсаас дамжин ирж байгаа иргэдээ татах транзит нислэг хийхээр төлөвлөлөө.

Үүнээс гадна БНХАУ-ын Бээжин хотын хүнсний захад эх үүсвэр нь тодорхойгүй халдварын шинэ голомт үүссэнтэй холбоотой тус улсаас ирэх хүсэлт тавьсан 164 иргэнийг нэн яаралтай татах шийдвэр гаргалаа. Ингэхдээ Замын-Үүд боомтоор татан авах ажлыг хийх бол ОХУ-д хүнд нөхцөлд байгаа оюутнуудыг Алтанбулаг боомтоор татан авахаар болжээ. Урд хөршид халдварын шинэ голомт үүссэнтэй холбоотой манай улс хяналтаа сайжруулах нь зүйтэй гэж УОК үзжээ.

Өнөөдрийн байдлаар 44 улсаас 10,355 иргэн эх орондоо ирэх хүсэлт илгээжээ. Өнгөрсөн хугацаанд тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн дийлэнх нь орон гэргүй, мөнгөгүй болсон, ар гэрийн гачигдалтай болон эрүүл мэндийн шалтгаантай хүмүүс байна. Ирэх долдугаар сард илүү их тусгай үүргийн онгоц хөөргөхөөр төлөвлөсны дийлэнх нь Сөүл хот руу байна. Учир нь тус улс хууль бусаар амьдарч байгаа иргэдээ нэн яаралтай татан ав гэх шаардлагыг тавьж байгаа юм.