Засгийн газар

Хуш модны самар түүж болно, болохгүй гэсэн маргаан сошиал орчинд дүүрчээ. Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Манай улсын ойн сангийн ердөө 5-хан хувийг хуш мод эзэлдэг. Харин унах болоогүй самрыг авахын тулд иргэд хуш модыг ихээр сүйтгэдэг байна. Хэрвээ энэ янзаараа үргэлжилбэл ирээдүйд бид самар гэдэг зүйлийг дахин олж харахгүй гэдгийг мэргэжилтнүүд санууллаа. Өнөөдрийн байдлаар гэхэд манай улсад байгаа нийт хуш модны 40 хувь нь иргэдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн дахин самар өгөх боломжгүй болсон байна.

Манай улсад 10 аймгийн 63 сум хушан ойтой, самар ургадаг байна.Тодруулбал Баруун бүсээс Баян-Өлгий аймгийн 1, Увс аймгийн 3, Завхан 2 суманд, төвийн бүсээс Архангай аймгийн 13, Булган аймгийн 8,ӨВА аймгийн 5, ХӨА-ийн 14, СЭА-ийн 7 суманд самар ургадаг. Харин зүүн бүсээс Хэнтий аймгийн 6 сум хушан ойтой буюу самрын ургацтай гэлээ. Энэ жилийн тухайд 8 аймгийн 25 суманд самарын ургац их, 10 аймгийн 38 сум, нийслэлийн ногоон бүсэд дундаж ургацтай байна гэсэн судалгааг БОАЖЯ-ны “ойн судлагаа, хөгжлийн төв”-өөс гаргажээ. Хуш мод нь манай улсын нийт ойн сангийн 5 хувийг л эзэлдэг. Гэтэл иргэд хуш модны самрыг түүхдээ хугацаанаас нь өмнө түүхийгээр авах гэж хушийг ихэд гэмтээдэг байна. Хамгийн сүүлд гаргасан судалгаагаар манай улсын нийт хушин ойн  40 гаруй хувьд доройтол үүссэн гэсэн судалгааг гаргажээ.Энэ бол цэвэр хүмүүс бидний буруутай үйл ажиллагаа гэдгийг салбарын яамны мэргэжилтнүүд онцолж байна. Тиймээс самрыг болц нь гүйцэхээр буюу хуш модыг гэмтээхгүй авах хугацаа 9 сарын 15-наас хойш  байгааг БОАЖЯ-наас анхаарууллаа. Хуулинд ч энэ хугацааг тусгасан байдаг байна.

ХОРИО ТАВИГДААГҮЙ ҮЕД ХУУЛЬ БУСААР САМАР ТҮҮЖ, БЭЛТГЭСЭН ТОХИОЛДОЛД 5.4-27 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Самрын болц бүрэн гүйцсэн, түүж бэлтгэх, зөөж тээвэрлэх  хуулийн хугацаа болсон үед тухайн орон нутгийн байгал орчны байцаагч, болон эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч, багахан хэмжээний төлбөр төлөөд сарыг түүж болно. Тухайлбал нэг кг сайруулсан самар түүхэд 500 төгрөг тушаах журамтай байдаг байна. Гэтэл иргэд болц гүйцээгүй түүхий байхад нь самрыг хулгайгаар түүж, хуш модыг ихээр гэмтээж, өөрсдөө хушинд унаж гэмтсэн,  бүүр амь насаа алдсан тохиолдол ч бүртгэгджээ.

Самар түүх, бэлтгэх, зөөж тээвэрлэх хуулийн хугацаа 09 сарын 15-наас дараа оны 03 сарын 15 байна. Үүнийг зөрчсөн иргэнийг  хууль бусаар самар түүж, бэлтгэсэн гэж үзэж, эрүүгийн хуульд зааснаар 5.4-27 сая төгрөгөөр торгоно, эсвэл хорих ялаар шийтгэдэг байна.