Намууд

УИХ-ын гишүүн Батзандангийн байгуулсан шинэ намын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Тэд УИХ-д хандан Оюу толгойн гэрээтэй холбоотой зургаан үндэслэл бүхий шаардлагыг хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Үүнд удтал яригдаад намжсан Дубайн гэрээг зогсоож шинэчлэх, Оюу толгойн гэрээтэй холбоотой хэргийг анхааралдаа авч хуулийн дагуу шийдэхийг сануулсан байна. 

Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг жил орчмын өмнө дүгнэлтээ гаргасан. Тус дүгнэлтэд Оюутолгойн ордын 34 хувийг эзэмших зээлийн төлбөрт манай улс одоогоор 1.6 тэрбум доллар төлөх ёстой бол 2039 он гэхэд нэг тэрбум ам.долларын өртэй хоцорно гэх тооцоог гаргасан.

Тиймээс УИХ Дубайн гэрээг зогсоож хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэхэд анхаарах шаардлагатай гэж үзсэн юм. Гэвч УИХ-аар Оюутолгойн гэрээ хэлэлцэгдэх асуудал удаа дараа хойшилж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой мартагдаад байгаа. Тэгвэл шинэ намын зөвлөл энэ асуудлаар хуралдаж засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа гэлээ.

Хэдхэн хоногийн өмнө Оюутолгой компани үйл ажиллагааныхаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлэл өгөх үеэрээ тус компанийн удирдлага Дубайн гэрээг зогсоовол олон мянган хүн ажилгүй болно гэж мэдэгдсэн нь байж боломгүй зүйл гэж шинэ намын гишүүд хэллээ. Тиймээс засгийн газар нэн даруй арга хэмжээ авч Оюутолгойн гэрээ болоод бусад гэрээг Монголчуудад ашигтай болгох чиглэлд анхаарах шаардлагатайг онцолсон юм. Үүнээс гадна шинэ намын зөвлөл өнөөдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцжээ.

Шинэ нам цаашид гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалах чиглэлд үйл ажиллагаагаа явуулахаа мэдэгдлээ. Өнөөдрийн байдлаар манай улсын 300 мянга гаруй иргэд гадны улс оронд ажиллаж амьдарч байна.