Х.Оюунцэцэг: Нарийн ногоог дотоодоосоо хангах боломжтой

Нийгэм

Иргэн Х.Оюунцэцэг 1998 оноос эхлэн төмс хүнсний ногоо тарьж, хүлэмжийн аж ахуй эрхэлж байна. Тэрээр төв аймгийн Борнуур сумын тариаланч юм.

Гэр бүлээрээ энэ салбарт ажилладаг түүний хувьд ногоочдод тулгамдах олон асуудал байдаг гэдгийг ярьж байлаа. Бүтэн жилийн хүч хөдөлмөрөө намрын өдрүүдэд үнэлүүлдэг түүний хувьд "Намрын ногоон өдрүүд" арга хэмжээ өргөн дэлгэр болж, өдөртөө 500 орчим мянган төгрөгийн борлуулалт хийдэг тухайгаа ярьж байна.  

Өнгөрсөн жил цаг агаар огцом сэрүүсч цас их хэмжээгээр орсонтой холбоотой дийлэнх ногоогоо хөлдөөж байсан бол энэ жил цаг агаар харьцангуй таатай байгааг онцолсон юм. Нэг үеэ бодвол иргэд, худалдан авагчид БНХАУ болоод бусад орноос импортоор орж ирдэг ногоо гэхээс илүүтэй эх орны хөрсөнд ургасан чанарын баталгаатай ногоог түлхүү авдаг болсон талаар хэлж байна. Түүний өдрийн борлуулалтын дийлэнх хувийг нарийн ногоо эзэлдэг гэлээ. Гэхдээ манай улсад нарийн ногооны үнэ импортын ногооноос үнэтэй байдаг нь иргэдийн шүүмжлэлийг дагуулдаг.

Тэгвэл төр засгаас хүлэмжийн аж ахуйг дэмжиж, хадгалах томоохон зоорь бий болгож өгвөл дотоодоос нарийн ногоог 100 хувь хангаж, үнэ хямд ногоог иргэддээ худалдаалах бүрэн боломжтойг хэлсэн юм.  

Ногоочдын тухайд жил бүрийн эдгээр өдрүүдэд олон газар үзэсгэлэнд оролцдог ч энэ жил төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан нь зөв зүйтэй шийдвэр байсныг хэллээ. Харин цаашид төр засаг бодлогоор дэмжиж томоохон хүлэмж зоорь зэргийг олноор бариад өгвөл иргэдийн өргөн хэрэглэдэг болсон нарийн ногоог дотоодоосоо бүрэн хангаж чадна гэдгийг тэрээр ярьж байсан юм.