Умард Солонгос алсын зайн далавчит пуужин туршсан талаараа мэдээллээ

Улс төр

Умард Солонгосын тал энэ долоо хоногийн дундуур дахин пуужин харваж, он гарснаас хойш 5 дахь удаагаа Япон тэнгисийн зүг баллистик пуужин харвасан. Ингэхдээ сүүлд нэг дор хоёр пуужин ар араас нь харваж, нийтдээ 6 пуужин харвасан юм. Сүүлд харвасан пуужингуудыг эх сурвалжууд үл мэдэгдэх загварын хоёр далавчит пуужин харвасан гэж мэдээлж байсан бол Пхеньян энэ талаар албан ёсны мэдээлэл хийсэн байна. 

Умардын эрх баригчид сүүлд харвасан хоёр пуужин нь алсын зайн тусгалтай, “газар-газар” ангиллын далавчит пуужин туршсанаа мэдэгджээ. Түүнчлэн энэ мэдээллийг Умард Солонгосын цахилгаан мэдээллийн агентлаг баталсан байна.

ЦТАК агентлагийн мэдээлснээр пуужингийн ээлжит туршилт амжилттай болж, 1800 км-ийн алсад байх байд оновчтой тусчээ. Умард Солонгосын тал пүрэв гарагийн өглөө улсынхаа зүүн эргээс Япон тэнгисийн зүг хоёр пуужин харвасан юм. Эдгээр пуужинг эхлээд богино зайн тусгалтай баллистик пуужин байж болзошгүй гэж таамаглаж байсан юм.

Пхеньяны тал ээлжит пуужингаа улсынхаа зүүн хэсгийн Хамхун хотын бүсээс, орон нутгийн цагаар өглөөний 8 цагийн алдад харвасан байна. Япон улс Пхеньяны зүгээс харвасан хоёр пуужин улсынх нь эдийн засгийн онцгой бүсээс гадна туссан гэсэн ч Умардын эрх баригчдыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчин, удаа дараа пуужингийн туршилт явуулж байгааг эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ.