Халуун сэдэв

2015 онд хийгдсэн Дубайн гэрээнд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гарын үсэг зурсан нь хууль бус гэдэг шийдвэрийг захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ. Энэ асуудлыг Улсын их хурал хэлэлцэж, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс тайлбар авах ёстой гэдэг байр суурийг гишүүд илэрхийлж байна. Харин ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эрүүл мэндийн шалтгаанаар гадаад орныг зорьжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх өчигдрийн хуралдаанаараа Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээг байгуулсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг илтэд хууль зөрчсөн гэх шийдвэр гаргасан. Оюутолгой төслөөс Монголчуудын хүртэх ашгийг улам  бүр хойшлуулсан Дубайн гэрээг байгуулахдаа Засгийн газраас шийдвэрлэх асуудлыг дангаар шийдсэн гэж үзсэн юм. Уг шийдвэртэй холбоотой Дубайн гэрээ цуцлагдсан уу гэх асуудал гарч ирсэн. Тиймээс дээрх асуудлаар зарим гишүүдийн байр суурийг тодрууллаа.

ЕРӨНХИЙ САЙД АСАН Ч.САЙХАНБИЛЭГ СОЛОНГОС УЛСАД ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА 

Дубай хотод үзэглэсэн нэмэлт хэлэлцээрт ерөнхий сайдын дөрвөн захирамж байдаг байна. Гэвч тус дөрвөн захирамж илтэд хууль зөрчсөн гэх шийдвэрийг шүүхээс гаргасан нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт хариуцлага ярихад хүргэж байна. Харин түүний биеийн байдал муу байгаа тул БНСУ д эмчилгээ хийлгэж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Түүнд холбогдох хэргийг цаашид шат шатны шүүхээр хэлэлцэх бол гэрээг хэрхэх вэ гэдэг асуудлыг УИХ -аар хэлэлцэх юм.

10 жилийнхээ ойтой золгож байгаа Оюутолгойн гэрээг энэ хэвээр нь үргэлжлүүлвэл Монголчууд 2041 оноос ашиг хүртэхээс гадна 2039 он гэхэд 1 тэрбум долларын өртэй болох тооцоог ажлын хэсэг гаргасан. Учир нь Монголчууд 34 хувийг зээлээр эзэмшиж байгаа нь тус компанийн зардал өсөх тусам зээлийн хэмжээ нэмэгдэх эрсдэлтэй юм. Тиймээс УИХ-аас 34 хувийг АМТАТ-т шилжүүлэх асуудлаар хоёр тал хэлэлцээрийн ширээны ард суух нь зүйтэй гэх чиглэл гаргасныг эх сурвалжууд хэлж байгаа. Үүнээс гадна Дубайн гэрээг цуцлах асуудлыг хөндөж байгааг зарим гишүүд онцоллоо.