О. Батбаяр: Хүн амын 30 хувь нь нэмэлт тунд хамрагдвал өдөрт бүртгэгдэх халдварын тоо хоёр дахин буурна

Эрүүл мэнд

Улсын хэмжээнд дархлаажуулалтад хамрагдах ёстой нийт иргэдийн 69,2 хувь нь I тун, 65,5 хувь нь II тун, 11 орчим хувь нь III тундаа хамрагдсан байна.

Нийт хүн амын 72 хувь нь дархлаажуулалтад хамрагдвал эрсдэл буурч сүргийн дархлаа тогтох боломжтой гэж мэдээлэлж байсан. Тэгвэл дархлаа сэргээх нэмэлт тунд нийт хүн амын 30 хувь нь хамрагдвал өдөрт бүртгэгдэх халдварын тоо 2 дахин буурах боломжтойг УОК-ын дэргэдэх эрдэмтдийн багаас мэдээллээ. 

Гурав дахь тунд хамрагдсанаар өвчлөлийг бууруулах боломжтойг зарим улс баталгаажуулаад эхэлсэн байна. Халдварын давлагааны үед хүн амынхаа тодорхой хувьд гурав дахь тунг хийснээр өвчлөл буурсан дүр зураг ажиглагдсан болохыг онцоллоо. Манай улсын хувьд нэмэлт тунд хамрагдаад байгаа 306 мянган хүний 99,9 хувь нь 14 хоногийн дараах байдлаар халдварт өртөөгүй нь тогтоогджээ. Харин халдвар авсан 0,1 хувь нь маш хөнгөн туссан нь вакцин дельта хувилбарын хүндрэлээс сэргийлэх боломжтойг харуулж байгааг эрдэмтэд онцоллоо. Дельта хувилбар туссан хүний цаана найман хүн халдварт өртөх эрсдэлтэй байдаг. Иймд цар тахлын урвал хүндрэл, нас баралтаас сэргийлэх арга бол вакцин гэдгийг ЭМЯ-аас тодотголоо.