Халуун сэдэв

Улстөрийн намууд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Гол өрсөлдөөн өрнөх намууд цалинг 3-5 сая төгрөг болгоно хэмээн шууд амлалт өгч эхэллээ. Сошиал  орчинд онигоо болгон бичиж байгаа энэ асуудал ерөнхийлөгч ч өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тэрээр хэзээ ч биелэх боломжгүй худал зүйл гэдгийг сануулжээ. Тэгвэл намуудын мөрийн хөтөлбөрийн талаар иргэдийн байр суурийг сонирхлоо. 

Энэ удаагийн Улсын их хурлын сонгуульд 4 эвсэл, 15 нам оролцохоор мөрийн хөтөлбөрөө баталж, Үндэсний аудитын  газарт хүргүүлээд байгаа юм.  Зарим мөрийн хөтөлбөрт Монгол хүнийг дэлхийн дундаж орлоготой болгоход бодлогоо чиглүүлж, цалингийн хэмжээг гурван сая төгрөгт хүргэнэ гэж тусгасан. Мөн МАХН, ИЗНН, МУНН-уудын нэгдсэн “Та бидний эвсэл”-ийн мөрийн хөтөлбөрт цалинг 5 сая төгтрөгт хүргэхээр тусгажээ. Мөн “Зөв хүн электорат” эвслээс технологийн хөгжлийг өндөрт хүргэх, Монгол улсын 3 сая иргэнийг 300 саяд хүргэх боломжтой мөрийн хөтөлбөр боловсруулснаа танилцуулсан юм.

Тэгвэл эдгээр нам, эвслийн мөрийн хөтөлбөр биелэх боломжгүй, ялангуяа монгол хүний цалинг 3-5 саяд хүргэнэ гэх амлалтад иргэд, олон нийт итгэхгүй байгаагаа хэлж байна.

Харин Монгол Улсын ерөнхийлөгч Х. Баттулга хэлэхдээ: Хямрал хаяанд ирж, хаалга тогшиж байгаа энэ цаг үед улс төрийн намууд ямар ч тооцоо судалгаагүйгээр сонгуулийн амлалт өгч байгаа нь буруу. Нам, эсвлүүд мөнгөн амлалт биш, харин хямралыг даван туулах хөтөлбөр гаргах хэрэгтэйг онцолсон юм.