Халуун сэдэв

Европын холбооны хар жагсаалтад Монгол Улс орсон гэх асуудал олны анхаарлыг татаж зарим нам улс төржүүлж эхэлсэн. Тэгвэл Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдтай манай сэтгүүлч ярилцлаа. Тэрээр Европын холбооны хар жагсаалт гэж байдаггүйг онцлоод ямар нэг санхүүгийн хориг арга хэмжээ авагдаж бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд зогсохгүй гэдгийг хэллээ. Үүнээс гадна Европын холбооны зүгээс Монгол Улсын засгийн газар ковид-19 халдварын эсрэг арга хэмжээг сайн авч байгаа тул буцалтгүй тусламж болгож 115 тэрбум төгрөг өгөхөө хэллээ.

ТРАЯН ЛАУРЕНЦЮ ХРИСТЕА-ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД

"Европын холбооны хар жагсаалт гэж байхгүйг онцлох нь зүйтэй. Учир нь бид улс орнуудыг өнгөөр ялгаад байдаггүй. Монгол Улсын тухайд хар жагсаалтад орсон гэх асуудлаар Европын холбоотой харьцах харьцаа тасарч, хамтын ажиллагаа зогсох гэж байгаа мэт ойлголт байж болохгүй. Европын холбооны зүгээс мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд маш нухацтай ханддаг. Холбооны гишүүн орнууддаа маш өндөр шаардлага тавьж шаардлагын биелэлтийг хангуулах тал дээр анхаардаг. Энэ хүрээнд 2020 оны нэгдүгээр сарын байдлаар Европын холбооны мөнгө угаахтай тэмцэх дөрөвдүгээр удирдамжийг бүрэн хэрэгжүүлээгүй 16 зөрчил бүртгээд байна. Холбооны шүүх дээр мэдээлэл солилцоогүй хоёр ч хэрэг шалгагдаж байгаа. Харин гуравдагч орнуудын тухайд хар жагсаалтад оруулах биш албан ёсны нэршил нь өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалт л гэж байдаг. Уг жагсаалтаа ФАТФ-аас гаргасан жагсаалттай харьцуулах тал дээр анхаарч 2016 онд батласан жагсаалтаа шинэчилж байгаа юм. Учир нь Европын холбоо ФАТФ-ын гишүүн тул тэндээс гаргаж байгаа жагсаалттай уялдуулж байгаа хэрэг. Монгол Улсын хувьд ФАТФ-ийн эрчимтэй хяналтад буюу саарал жагсаалтад байгаатай холбоотой Европын холбоо өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалтыг шинэчлэхдээ нэмэх шаардлагатай болсон юм.

Энэ жагсаалтын хүчинтэй холбох хугацаа 10-р сарын 1-ний өдөр. Таны хэлсэнчлэн Европын парламент болон зөвлөлөөс энэ жагсаалтыг батлах ёстой. Парламент болон зөвлөлийн зүгээс ямар шийдвэр гарахыг хэдүүлээ энд таашгүй. Тухайн үед батлах уу, үгүй юу гэдэг тэдний шийдэх асуудал. Хамгийн чухал нь Монгол Улс энэ жагсаалтад орсон ч сөрөг нөлөө байхгүй гэдгийг хэлмээр байна. Европын холбооны зүгээс улс төрийн шийдэл гаргаж Монгол Улсад хориг арга хэмжээ авч байгаа хэрэг огт биш. Манай жагсаалтад орсноор ямар ч төрлийн хориг гарахгүй, гишүүн орнуудын хамтын ажиллагаа хуулийн хүрээнд л байгаа бол нэмэлт хориг ерөөсөө гарахгүйг онцолмоор байна. Өөрөөр бол Европын холбоо, Монгол Улс хоорондын хамтын ажиллагаанд сөрөг нөлөө гарч бидний хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрүүд зогсохгүй цаашид үргэлжилсээр байх болно. Европын холбооны зүгээс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн эсрэг Монгол Улсын засгийн газрыг дэмжин ажиллахад бэлэн байгааг мөн хэлмээр байна. Жагсаалтын тухайд олон улсын өмнө хүлээсэн үүргийн хүрээнд ФАТФ-ийн жагсаалттай уялдуулж байгаа асуудал.

МОНГОЛ УЛС ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ ОРНЫ ЖАГСААЛТАД БАГТСАНААР ЯМАР Ч ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВАГДАХГҮЙ

Өндөр эрсдэлтэй улсын жагсаалтад орсноор зөвхөн санхүүгийн системд л нөлөө үзүүлнэ. Ганцхан санхүүгийн системд л нөлөөлнө. Тодруулбал, Европын холбооны банк санхүүгийн байгуулага, аж ахуй нэгжүүд Монгол улстай холбоотой аливаа гүйлгээ хийхдээ урьд өмнөхөөс илүү хянуур хандана аа л гэсэн үг. Ямар нэг асуудалгүй, бүх зүйл хуулийн хүрээнд байгаа л бол ямар ч хүндрэл үүсэхгүй. Европын холбоо хууль бус мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэх аюулаас Монгол Улсыг хол байлгах үүднээс эрчимтэй хяналтад байгаа орны жагсаалтад багтааж байгаа хэрэг.

ЕВРОПЫН ХОЛБОО МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ 115 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

Дэлхий дахинд коронавирус цар тахлын аюул нүүрлээд байгаа. Тэр дундаа Европын холбооны улс орнууд, бүс нутагт хамгийн их хүндээр тусч байгааг энд хэлэх нь зүйтэй. Хамгийн гол нь эдийн засгийн хувьд маш хүнд асуудалд орж байгаа. Гэхдээ Европын холбооны үндсэн зарчим нь бид нар хамтдаа бүхнийг чадна гэдэг үндсэн зарчим дээр тулгуурлан ажиллаж байна. Энэ хүрээнд бид өөрийн түнш орнуудаа хүнд хэцүү үед орхихгүй гэх зарчмаар ажиллаж байгаа. Тийм ч учраас бид Монгол Улсад өмнө яригдаж шийдвэрлэгдсэн тусламжийн арга хэмжээнүүд дээр нэмээд нэмэлтээр тусламж болгон 37 сая евро буюу 115 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр ажиллаж байна. Эдгээр тусламж нь хоёр төрөл байх юм. Эхнийх нь богино хугацааны дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд хийгдэнэ. Үүндээ эрүүл мэнд, эдийн засгийн чадавхийг богино хугацаанд сайжруулах тал дээр анхаарна. Эмзэг бүлгийн иргэд, хөдөөгийн малчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Хоёр дахь хэсгийг нь арай урт хугацаандаа хийхээр төлөвлөсөн. Ковид-19-ийн дараа амьдрал үргэлжилсээр байх тул Монгол Улсыг өмнөө тулгарсан аливаа асуудлыг шийдвэрлэхэд чадавхиа илүү сайжруулж хүчтэй байгаасай гэсэн үүднээс тусламж үзүүлэхээр төлөвлөсөн. Төсвийн дэмжлэг Засгийн газарт шууд очиж байгаа. Ингэхдээ уул уурхайгаас бусад салбарт ажлын байрыг бий болгох, төрийн мөнгөний сахилга батыг сайжруулах чиглэлд байлгаасай гэж хүсч байна. Хамгийн гол нь 37 сая евро буюу 115 тэрбум төгрөг нь зээл огт биш. Европын холбоо буцалтгүй тусламжаар олгож байгааг онцлох нь зүйтэй. Буцалтгүй тусламжийг ингэж олгож байгаа нь Европын холбоо Монгол Улстай хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагийн илрэл бөгөөд жагсаалтад орсноороо энэ бүхэн зогсохгүй гэдгийг би дахин дахин хэлмээр байна. Хэцүү үед Европын холбоо уг тусламжийг үзүүлснээр хамгийн том донор болно гэж үзэж байгаа."