Халуун сэдэв

Өнгөрсөн 5-р сараас эхлэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ бүх зүйл заалт бүрэн төгөлдөржих хүртэл зарим хууль тогтоомжийг өөрчлөн батлах шаардлагатай юм. Гэтэл үүнийг зориудаар мушгин гуйвуулж тайлбарлах болсныг хуульчид хэлж байна. Эцэг хуулийн талаар болгоомжтой ярихыг ч мэргэжилтнүүд санууллаа.

Үндсэн хууль тогтоогчдын холбооноос эцэг хуулийг буруу тайлбарлаж олон нийтийг төөрөгдүүлэн сонгуулийн сурталчилгаандаа ашиглахгүй байхыг хүсч мэдэгдэл гаргалаа. Тодруулбал Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар газрын хэвлийн баялаг төрийн өмч гэснийг төрийн нийтийн өмч гэж өөрчилсөн. Улмаар УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөж байгаа зарим нам эвсэл, нэр дэвшигч нь сонгогчдын саналыг татах зорилгоор газрын хэвлийн баялаг гадны улсын иргэдэд очих боломж бүрдсэн гэж буруу тайлбарлаж байгааг хэллээ.

Үндсэн хуулийн зүйл заалтыг дутуу дулимаг ойлгож түүгээрээ олон нийтийг төөрөгдүүлэхгүй байхыг тэрээр хүслээ.

Төрийн нийтийн өмч гэдэг нь Монголын ард түмний өмч гэдгийг дараа дараагийн дагалдах хуультай холбож илүү нарийвчлан тусгасан гэдгийг хэлж байна.

Тиймээс сонгуулийн сурталчилгаа явуулж байгаа эдгээр өдрүүдэд нам эвсэл, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр үзэл бодлоороо өрсөлдөхөд анхаарч эцэг хууль руугаа дайрах хэрэг байхгүй хэмээн тэрээр онцоллоо.