Халуун сэдэв

Эцэг хуулийг ард нийтийн санал асуулгаар эцэслэн батлах нь зүйтэй гэж УИХ ын гишүүдийн олонхи нь үзсэн. Тиймээс энэ долоо хоногт төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ард нийтийн санал асуулгын зардал, хугацаа зэргийг эцэслэн тогтоох учиртай. Харин ард нийтийн санал асуулгатай зэрэгцэн УИХ хугацаанаасаа өмнө тарж ээлжит бус сонгууль явуулах нь зүйтэй гэх санал эрх баригчдын дунд гарч эхэлжээ. Энэ асуудлыг ч УИХ ын дарга яриандаа дурдаж байсан удаатай. Тэгвэл УИХ ыг хугацаанаас нь өмнө тараах саналыг олонхийн бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн албан бланкан дээр МАн ын нарийн бичгийн дарга гарын үсэг зуруулж байна гэх мэдээлэл цацагдсан. Харин энэ асуудал яригдаж байгаа ч гарын үсэг цуглуулсан зүйл байхгүй гэдгийг тэрээр хэллээ. 

УИХ бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө тарах нь зүйтэй гэж нийт гишүүдийн дөрөвний гурав нь үзэн гарын үсэг зурсан тохиолдолд хууль тогтоох дээд байгууллага тарах боломжтой. Харин УИХ ыг тарааж ээлжит бус сонгууль зарлах албан бланкан дээр 40 гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл гараад байгаа юм. энэ асуудлыг эрх баригч намын генсек үгүйсгэсэн ч гишүүдийн дунд яригдаж байгаа зүйл байгааг хэллээ. Учир нь ард нийтийн санал асуулгад 29 тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарсан нь өндөр өртөг тул ээлжит бус сонгуулийг хамтад нь явуулах нь зүйтэй гэж зарим гишүүд үзсэн гэнэ. Тиймээс асуудлаар гишүүдийн байр суурийг тодрууллаа

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжих эсэх ард нийтийн санал асуулгыг ирэх сарын 30,31 ний өдөр явуулахаар төлөвлөөд байгаа. Харин УИХ ын ээлжит сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдээд байгаа юм. Тиймээс ирэх 11 сард ард нийтийн санал асуулга УИХ ын ээлжит бус сонгууль явуулах асуудал Улс төрийн хүрээнд яригдаж эхэллээ. Цаашид олон гишүүн ээлжит бус сонгууль явуулах санал гаргавал намын бага хурлаар асуудлыг хэлэлцэнэ гэж тус намын нарийн бичгийн дарга хэллээ. Харин гишүүдээр гарын үсэг зуруулахын тулд сонгуулийн тойрог амлах, холбогдсон хэргээр нь барьцаалж байна гэх мэдээлэл ташаа гэдгийг онцоллоо