Л. Энхсайхан: Халдварын тоо буурч байгаа ч эрсдэлтэй хэвээр байна

Эрүүл мэнд

 

Өнгөрсөн хоногт 533 тохиолдол шинээр бүртгэгдснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 49,175 боллоо. Мөн энэ хугцаанд 51-79 насны долоон иргэн цар тахлын хүндрэлийн улмаас нас барчээ. Эдгээр иргэд өнгөрсөн сарын 4-өөс энэ сарын 10-ны өдрүүдэд онош  нь батлагдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Ийнхүү улсын хэмжээнд нийт нас баралт 214 болж байна.  

Харин орон нутагт өнгөрсөн хоногт 37 тохиолдол шинээр батлагдлаа. Үүнээс хамгийн их нь Төв аймагт 25 тохиолдол нэмэгдсэн байна. Харин Эрдэнэт, Завхан, Ховд, Архангай, Өвөрхангай, Говь-алтай гэсэн аймагт 1-4 тохиолдол бүртгэгджээ. Хэдийгээр сүүлийн үед халдварын тохиолдол буурч байгаа ч эрсдэл хэвээр байгааг ЭМЯ-аас анхааруулж байна. 
Сүүлийн 24 цагт 1065 тохиолдол эдгэрч эмнэлгээс гарсан байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 41,844 боллоо. Одоогоор эмнэлэгт 4087 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрийн 2100 нь хөнгөн байгаа бол 115 нь маш хүнд биеийн байдалтай байна. Фитнесс, сургалтын төв, кофе шоп зэрэг үйлчилгээний байгууллага нээгдэж, иргэдийн хөдөлгөн нэмэгдэж байгаа энэ үед халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, эрүүл мэндээ хамгааллахыг ЭМЯ-аас зөвлөлөө.