Нийгэм

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд цагдаагийн байгууллагаас гадна харуул, хамгаалалтын албадын гүйцэтгэх үүрэг өндөр. Гэтэл зарим харуул хамгаалалтын газрууд өөрсдийгөө санхүүжүүлэх чадвар сул, алба хаагчдын мэргэжлийн учир хангалтгүй байна гэдгийг цагдаагийн байгууллагаас хэлж байна.

Манай улсад цахим луйврын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй БНХАУ-ын 800 гаруй иргэнийг илрүүлж, албадан гаргасан. Хятад улсын эдгээр иргэдийн байрлаж байсан буудлуудыг харуул, хамгаалалтын албаныхан тухайн үед хамгаалж байжээ. Олон тооны Хятад иргэд байрлаж, гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байхад цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй өнгөрсөн байна. Энэ бол харуул хамгаалалтын албаныхан хуулийн дагуу үүргээ биелүүлж ажилдаггүй олон тохиолдлын нэг нь.

Харуул хамгаалалтын албаныхан алба хаагчдаа зэвсэг, техникээр хангаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс мэргэжлийн сургалтад хамруулах ёстой. Үүнээс гадна стандартын шаардлага хангасан дүрэмт хувцсаар хангаж ажиллах үүрэгтэй юм. Гэтэл эдгээр шаардлагыг биелүүлэн ажиллаж байгаа газрууд тоотой хэдхэн байна. Энэ мэтчилэн харуул хамгаалалтын газруудын өмнө тулгамдаж байгаа олон асуудал байна. Тиймээс эдгээр асуудлуудыг шийдэх үүднээс идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг хамруулан цагдаагийн байгууллагаас зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнд харуул, хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 150 гаруй байгууллагын удирдлагууд оролцлоо. Зөвлөгөөнөөс цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах, дүрэмт хувцсаар хангах, гэмт хэрэг гарч болзошгүй байдлыг шалгаж тогтоох чиглэлээр ажил зохион байгуулах талаар зөвлөмж гаргалаа.