Ковид-19 халдварын тархалт одоогийнхоос хоёр дахин буурах магадлалтай

Ковид-19 /дотоод/

Нийт батлагдсан тохиолдлын 37 хувь нь 6-р сард бүртгэгдсэн байна.

Ковид 19 халдварын тархалт 6-р сард оргил үедээ хүрч байсан бол өнгөрсөн 7-р сарын 31-ний өдрийн байдлаар 17.4 хувиар буурсан гэх судалгааг статистикийн хорооноос гаргасан байна.

Нийт батлагдсан тохиолдлын 37 хувь нь 6-р сард бүртгэгдэж байснаас хамгийн их өвдсөн нь 0-18 насны хүүхдүүд байжээ. Харин долдугаар сард хүүхдийн өвчлөл 0.3 хувиар өссөн бол 100 мянган хүн амд ноогдох өвчлөлийн хэмжээ 1.9 дахин буурчээ.

Нийт батлагдсан тохиолдлын 50 орчим хувийг 22-44 насны иргэд эзэлж байна. Сүүлийн өдрүүдэд халдварын тоо тогтвортой байгаан дээр тархалт одоогийнхоос хоёр дахин буурах магадлалтай гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ.

Хоногт 1071 тохиолдол бүртгэгдэж 5 хүн нас барлаа

Тэгвэл өнгөрсөн хоногт халдварын 1071 тохиолдол шинээр бүртгэгдэж таван хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 857-д хүрээд байна. Одоогоор хэвтэн эмчлүүлж байгаа 11 мянга 300 гаруй хүнээс 191 хүний биеийн байдал маш хүнд байгаа юм.