Алжирт ойн түймэр дэгдэн хүрээгээ тэлж байна

Үйл явдал

Алжирын хойд хэсэгт хүчтэй ойн түймэр дэгдэж, гамшигт үзэгдлийн улмаас 65 хүн амиа алджээ. Түймэрт амиа алдсан хүмүүсийн 37 нь нутгийн иргэд, харин 28 нь гал унтраахад оролцож байсан цэргийнхэн байгаа юм. Гамшигт үзэгдэлд олон хүн өртөн амь насаа алдсанаас шалтгаалан Алжирт 3 хоногийн үндэсний хэмжээний гашуудал зарлажээ.

Алжирт өнөөдрийн байдлаар түймрийн 86 голомт асч байна. Ингэхдээ түймрийн дийлэнх хэсэг нь Кабилийн уулын бүсэд асч байгаа юм. Түймрийг унтраахад гал сөнөөгчид, цэргийнхэн, мөн сайн дурынхан нэгдээд байна. Алжирт сүүлийн өдрүүдэд агаарын температур Цельсийн 46 градус хүртэл халж, хуурай халуун байгаагаас ойн түймэр дэгджээ. Түүнчлэн хүчтэй салхитай байгаагаас түймэр хоромхон хугацаанд хүрээгээ тэлэн ассан байна.

Алжир нь уулархаг өндөрлөг газар нутагтай учраас байгалийн тогтоц онцлогоос шалтгаалан түймрийг унтраах ажил хүндрэлтэй байгаа юм. Түүнчлэн Алжирт гал сөнөөх хэрэгсэл, онгоц нисдэг тэрэг дутагдалтай байгаагаас түймрийг унтраах үйл явц удаашралтай байна.