Талибын удирдагчид эх орондоо эргэн ирж байна

Улс төр

Афганистан улс Талибаны бүлэглэлийн хяналтанд шилжихтэй зэрэгцээд Талибаны цөллөгт байсан удирдагчид эх орондоо эргэн ирж байна.

Талибаны зэвсэгт бүлэглэл Америк тэргүүтэй НАТО-гийн хүчин Афганистаныг орхин гарахаа мэдэгдсэний дараагаар цэргийн давшилтаа идэвхжүүлсээр, 10-аад хоног идэвхтэй тулаан явуулж, улсынхаа гол мужуудыг ээлж дараалан буулган авсаар 8-р сарын 15-ны өдөр нийслэл хотоо эзэлсэн.

Талибаны бүлэглэл Кабул хотыг хяналтандаа оруулж, ерөнхийлөгчийн ордон, засгийн газрын бүхий л барилга байгууламжийг эзэлснээр цаашлаад улсынхаа засгийн эрхийг тэргүүлэх нь гарцаагүй болсон. Үүнтэй зэрэгцээд Афганистанаас хөөгдөн Катарт амьдарч байсан Талибаны тэргүүлэгчид эх орондоо эргэн ирж эхэлжээ. Тэдний дотор Талибаны улс төрийн тэргүүлэгчдийн нэг мулла Абдулла Гани Барадар байгаа юм.