Нийгэм

Авлигатай тэмцэх газар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлтэй холбоотойгоор хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Нийтдээ энэ сангаас 3.9 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхийн газрын дарга, дэд дарга болон бусад холбогдох албан тушаалтнуудад хэрэг үүсгэжээ.

АТГ-аас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 3.9 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх асуудлыг шалгаж эхлээд байна. Өнгөрсөн сард Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн юм. Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг.  Хууль, журам зөрчин ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 27 аж ахуйн нэгжид давуу байдал олгож, тус бүрт нь 200 хүртэл сая, нийт дөрөв орчим тэрбум төгрөг шилжүүлсэн гэх мэдээллийг зарим эх сурвалж мэдээлж байна. Нэр бүхий УИХ-ын гишүүд холбогдсон эсэхийг шалгалтаар тогтооно гэж АТГ-аас мэдээллээ.

Мөн АТГ-аас иргэдээс ирсэн өргөдөл гомдлын дагуу шалгалт явуулахад төрийн албан хаагч нар өөрийн хамаарал бүхий хүмүүсээ албан тушаалд томилсон асуудал гарсан байна. Тухайлбал Хэнтий аймгийн Хан Хэнтий цогцолбор сургуулийн захирал өөрийн нөхрийн дүүг сургуульдаа үйлчлэгчээр авсан байна. Завхан аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга н.Солонго нөхрийнхөө компанитай гэрээ байгуулж ажилласан зэрэг цөөнгүй зөрчил илэрчээ.  

Мөн Төв АЗЗА компанийн захирал компанийн зардлаар дүүгээ сургуульд сургасан зөрчил ч илэрсэн байна. Энэ төрлийн зөрчил гаргасан 37 төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллажээ.

ФЭЙСБҮҮК ШУУД