Нийгэм

Яг 29 хоногийн дараа шинэ он гарна. Баярын уур амьсгал хэдийнэ орж дэлгүүр захуудад баярын худалдаа эхэлжээ. Гацуур мод, бэлэн хувцас, гоёлын бараа бүтээгдэхүүнээр дүүрсэн байна. Үнийн хувьд ч янз бүрийн зөрүүтэй иржээ. Манай сэтгүүлч томоохон худалдааны төвүүдэд зарагдаж байгаа баярын бараа бүтээгдэхүүний үнэ ханшний талаар мэдээлэл бэлтгэлээ. 

Шинэ жилийн гацуур модны үнэ 150 мянгаас эхэлж байна. Саатай саагүй, гоёл чимэглэлээсээ хамаараад үнэ харилцан адилгүй байна.  Хамгийн хямдхан үнэтэй гэвэл нэг метр 50 см-ийн өндөртэй энгийн угсардаг гацуур мод 150 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол  өөр дээрээ гоёл чигмэглэлтэй яг адилхан өндөртэй буюу 1.5-ийн өндөртэй гацуур 190 мянга, нэг метр 80 см-ийн өндөртэй гацуур 230-240 мянган төгрөг, хоёр метр 10 см-ийн өндөртэй гацуур 240-290 мянга орчим үнэтэй байна. Харин хамгийн үнэтэй, өндөр гацуур мод нь 4м-ийн өндөр 2 сая төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. 

Гацуур модны чимэглэлийн хувьд  нэг ширхэг нь 1000 төгрөгнөөс эхлээд багц, боодолтой, дотроо 4 ширхгээс эхлээд 16, 24 хүртэл ширхэгтэй тоглоомнууд 5000-25000 мянгын хооронд худалдаалагдаж байна. Худалдаачдын хэлж буйгаар дийлэнх гацуур мод, чимэглэлүүд  БНХАУ-аас орж ирсэн гэж байна. Мөн гацуур модны чимэглэлээс гадна 12 амьтан, өвлийн өвгөн, цасан охины хувцас, малгай, цонхы наалт, төрөл бүрийн өнгийн саа, гээд олон нэр төрлийн чимэглэлүүд худалдаанд шинээр гарчээ. Харин дээрх худалдааны хэсгүүдэд худалдаалахыг хориглосон бингалийн гал, салют, тэсэрч, дэлбэрэх төрлийн бүтээгдэхүүн худалдаалаагүй гэж байна. Өнөөдөр Даваа гараг учраас  нийслэийн хотын томоохон худалдааны төвүүд амарч байна. Харин  Олон улсын худалдааны “Нарантуул” худалдааны төв цагийн хуваарийн дагуу ажиллаж байлаа.