Нийгэм

Өмчилж байгаа газраа зориулалтын бусаар ашиглаж ил задгай автомашин худалдаалж байгаа 31 иргэний газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасныг үндэслэн газар өмчлөх эрхийг хүчингүй болгох саналыг холбогдох газарт хүргүүлсэн байна.

Өмнө нь нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Мэргэжлийн хяналт газраас зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид шаардлага тавьж мэдэгдэл хүргүүлсний үр дүнд зургаан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгож, 32 иргэн, аж ахуйн нэгжийн 1000 гаруй автомашиныг нүүлгэн шилжүүлж, зөрчлийг арилгуулжээ. Одоо зөрчил арилгаагүй, гэрээний нөхцөл болзлыг биелүүлээгүй, эзэмшил газраа зориулалтын бусаар ашиглан, ил задгай талбайд автомашин худалдан борлуулсан таван иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын А/1098 захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэсэн байна. Иймд газар эзэмших эрх нь хүчингүй болсон гурван иргэн, хоёр аж ахуйн нэгжид газар чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгсөн. Мэдэгдэлд заасан хугацаанд чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтын дагуу албадан чөлөөлөх аж.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс