Нийгэм

Гарын ур дүйтэй хөдөлмөрч Б.Батзориг гэх залууг Цаг хөтөлбөр онцолж байна. Элэг бүтэн амьдралынхаа төлөө тэмцэж байгаа тэрээр өдөр шөнөгүй ажиллаж байна. Шинэ санаа инноваци төсөлд шалгарсан тэрээр урд өмнө хэзээ ч борлуулагдаж байгаагүй нэгэн бүтээлийг хийж эхнэрээ эрүүл саруул болгох эмчилгээний зардлыг нь бүрдүүлж байгаа юм аа.

Өмнө нь харагдаж байгаагүй, шинэлэг хийц бүхий гар утас тогтоогч модон тавиурыг төрөл бүрээр нь үйлдвэрлэж байгаа энэ залууг Б.Батзориг гэдэг. Мужаан мэргэжилтэй. Гар утасны эко тавиур хийх санаагаа хэдэн жилийн өмнө гаргасан ч саяхнаас бодитой ажил болгож байгаа нь энэ. Батдорж өдөр, шөнө, өглөө, оройг ялгахгүй ажиллаж байна. Учир нь тэрбээр онош тодорхойгүй Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчиндөө шаналж яваа эхнэрийнхээ төлөө зүтгэж байна. Давчуу цаг хугацаатай уралдаж байгаа түүний хувьд гар утасны тавиураа олон нийтэд сурталчилж, нэн даруй эхнэрийнхээ эмчилгээний зардлыг босгох нь хамгийн чухал асуудал болоод байгаа юм байна.

Б.Батзориг төсөл бичиж, шалгараад үзэгч таны харж байгаа энэ төхөөрөмжийг авчээ. 11-р сараас хойш утасны тавиур хийж эхэлсэн. Одоогоор 200 орчмыг борлуулжээ.

Түүний эхнэрийг А. Мөнхзаяа гэдэг. Барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй. 2017 оноос эхлэн бие нь өвдсөн байна. Өвчний оношийг баттай тогтоож, эмчлэх боломжтой улс орон руу явахаар яарч байгаа  Б.Батзоригийн гэр бүлд эхний ээлжинд 30 орчим сая төгрөгийн шаардлагатай болжээ. 30 саяас 3 орчим сая төгрөгийг тэрбээр гар утасны тавиур хийж цуглуулжээ.

Өвчин, зовлонгүй бол энэ хорвоогийн хамгийн том жаргал. Ханиа заавал эмчлүүлж, мөрөөдлийнхөө төлөө хамтдаа зүтгэхээ Б.Батзориг ярьж байна.