ПЕТРОВИС: Одоо байгаа нөөцөө эмнэлэг, цэрэг, цагдаагийн байгууллага, Хил хамгаалах газарт зориулна

Нийгэм

Шатахууны хомсдол үүссэн талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон, АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр нар болон "Петровис" компаниас мэдээлэл хийлээ. 

Петровис компаниас зүгээс "Петровис компани өнөөдрийн байдлаар 30 мянган төгрөгийн хязгаарлалт тогтоосон. Нөөцийн хувьд баруун таван аймаг, зүүн таван аймгийн хувьд нөөц хэвийн байгаа. Төвийн бүс 4 хоногийн, Улаанбаатар хотод Петровис компанийн хувьд 3 хоногийн нөөцтэй байна. 

8 болон 9 дүгээр сард бид ОХУ-аас захиалсан хэмжээгээрээ шатахуунаа авч чадаагүй. 

Наймдугаар сард 7100 тонныг авсан. Харин есдүгээр сард хамгийн бага хэмжээ болох 7000 тонноор захиалсан боловч түүний 50 хувь буюу 3500 тонныг нийлүүлэхээр болсон. 

Харин өнөөдрийн байдлаар ердөө 1500 тонн шатахуун л ирсэн. Энэ нь бидний нийт захиалсан хэмжээний 8-10 хувь гэсэн үг юм. Үлдсэн 90 хувийн захиалгаа огт хийж чадаагүй.

Одоо байгаа нөөцөө эмнэлэг, цэрэг, цагдаагийн байгууллага, хил хамгаалах байгууллагууддаа зориулж, аюулгүйн нөөцөө хадгалж байна" гэв.