Японы 107 настай эгч дүүс Гиннесийн номонд “Хамгийн өндөр настай ихрүүд” болон бичигдлээ

Үйл явдал

Японы 107 настай ихэр эгч дүүс дэлхийн хамгийн өндөр настай ихрүүд болж Гиннесийн дээд амжилтын номонд бичүүлжээ. 

Умено Сумияма, Куме Кодама нар 1913 онд Японы Кагава мужийн Сёдо арал дээр мэндэлжээ. Умено 4 хүүхэдтэй, харин Куме 3 хүүхэдтэй гэнэ. Ихэр эгч дүүс одоо хамтдаа амьдардаггүй, хоёул Японы өөр өөр газарт өндөр настны асрамжийн газарт амьдарч байгаа юм. Цар тахлын улмаас эгч дүүст Гиннесийн номонд багтсан амжилтыг нь баталсан сертификатыг шуудангаар илгээжээ.

Умено Сумияма, Куме Кодама нар 2000 онд дэлхийн хамгийн өндөр настай эгч дүүс болж байсан Кин болон Жин нарын дараа энэхүү амжилтын эзэд болжээ. Кин 2000 оны 1-р сард 107 насандаа хорвоог орхисон бол Жин жилийн дараа 108 насандаа өөд болсон юм.