УБ-Дархан чиглэлийн авто замд ажиллаж буй зарим хятад компани өөрийн гэсэн ажилтан, техник хэрэгсэлгүй байна

Нийгэм

Энэ жилийн замын ажлын улирал дуусч байгаатай холбоотойгоор УБ-Дархан чиглэлийн замын ажлаа яаравчлахыг үндсэн гүйцэтгэгч компаниудад албаныхан санууллаа. 

Азийн хөгжлийн банкны төсөл буюу хоёр эгнээ замын хучилт, нөхөн сэргээлтийн ажлын 1,3,5-р багцын ажил 90-ээс дээш хувийн гүйцэтгэлтэй байна. Харин Европын сэргээн босголт хөгжлийн банкны төслийн газар шорооны ажил мөн л 1,3,5-р багц дээр нилээн ахиу явагдсан бол 2,4 багц дээр тун бага хийгдсэн болохыг ЗТХЯ-аас мэдэгдлээ. Замын чанарын хяналтыг өдөр бүр тавьж, чанарын шаардлага хангасан хэсгүүдийг хүлээн авч байгааг онцоллоо. 

Дархны замын үндсэн болон туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Монгол компаниуд ажлаа хариуцлагатай хийж, гүйцэтгэлээрээ тэргүүлж байгааг албаныхан хэлж байна. Харин үндсэн гүйцэтгэгч компаниар шалгарсан зарим нэг хятад компаниуд өөрсдийн гэсэн ажилчингүй, техник хэрэгсэлгүй ажиллаж байгаа нь замын гүйцэтгэлд нөлөөлж, удаашрах шалтгаан болж байгааг онцоллоо.

Түр замын тухайд гүйцэтгэгч компаниуд нь хариуцан ажиллаж байгааг хэлж байна. Тэд түр зам татах, арчлалт, усалгаа хийх зэргийг хариуцан гүйцэтгэж байгаа гэсэн юм. Харин иргэдийн хувьд түр замаар зорчихдоо 50км/ц-аас дээш хурдтай явдаг байна. Үүнээс шалтгаалан автомашинд эвдрэл гэмтэл учрах, хажуу талын машин руу чулуу шидэгдэх зэрэг хүндрэл гардаг болохыг мэргэжилтэн хэллээ.