“Гоожингийн өндөр” барилгыг түүхэн дурсгал хэвээр нь хадгалан авч үлдэнэ

Нийгэм

Анхны ерөнхий сайд Намнансүрэнгийн амьдарч байсан түүхэн байшин өнөөдөр Баянзүрх дүүрэгт балгас болсон байдалтай байна.

Нурааж ч магадгүй гэсэн мэдээлэл байгаа талаар цаг хөтөлбөр өчигдөрийн дугаартаа онцолсон. Тэгвэл түүхэн ийм барилга байшингуудыг энэ чигээр нь хадгалан авч үлдэх бодлогыг соёлын яам баримталж байгааг мэргэжилтнүүд нь хэллээ. Нийслэлд 100-150 жилийн настай түүхэн барилга байгууламж, хөшөө дурсгал 1500 орчим байдаг байна. 

Тухайлбал, Гандантэгчэнлин хийд, Чойжин ламын сүм, Дамбадаржаалин хийд, Улаанбаатар хотын музей, Циркийн хуучин барилга, анхны холбооны зэрэг үл хөдлөх дурсгалууд олон бий. Тэдгээрийн дотор хувь хүний эзэмшил хэдий ч ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг нь хариуцаад явдаг дурсгалууд ч байдаг байна. Өмчлөлийн хэлбрээсээ шалтгаалан асуудал дагуулсан нь цөөнгүй байдгийг албаныхан онцоллоо.

"Гоожингийн өндөр" барилгын хувьд хувь хүний эзэмшилд шилжсэн ч өнөөдрийг хүртэл засвар үйлчилгээ огт хийгдээгүйгээс балгас болоод байгаа юм. Соёлын яамны зүгээс энэ төрлийн үл хөдлөх дурсгалуудаа өөрчлөхгүйгээр хойч үедээ өвлүүлэн үлдээж авч явах бодлого баримтлаж байгаа гэдгээ тайлбарлалаа.

"Гоожингийн өндөр" барилга нь хувь хүний эзэмшилд шилжсэн ч холбогдох хууль тогтоомжийн дагуу түүхэн дурсгалын өнгө төрх, хийц хэв маягийг алдагдуулахгүй байх заалттай. 2016 оноос хойш өмчлөгч нь НСУГ-т түүхэн дурсгалаа эргүүлэн авах санал тавьж байгаа ч хувь хүний эзэмшлийг худалдан авахад төсөв мөнгөний асуудал үүсдэг болохыг албаны эх сурвалж учирлаж байна. Жил бүр төсөвт дээрх асуудлыг тусгадаг ч дорвитой шийд гарахгүй байгааг хэлж байна.

Маргааш НСУГ-аас Гоожингийн өндөр барилгын өмчлөгчтэй уулзахаар товложээ. Эндээс ямар нэгэн шийдвэр гарна гэж нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээлээ.