Нийгэм

Өнөөдөр Төрийн албаны зөвлөлөөс төрийн байгууллагуудад төрийн үйл ажиллагааг хэрхэн хүнд сурталгүй, чирэгдэлгүй хүргэх зэрэг асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж ярилцсан юм. Мөн энэ үеэр яам, агентлагт урт хугацаанд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа асуудлыг ирэх 3 дугаар сарын нэгний дотор шийдвэрлэхийг Төрийн албаны зөвлөлөөс үүрэг болгожээ.

Төрийн албанд танил талаараа дамжуулан ордог, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон ажлын байраа өөрчлөн өөр байгууллагад алба хашдаг, мэргэжлийн бус хүн удирдах албан тушаалд шууд томилогддог зэрэг асуудал өнгөрсөн хугацаанд их гардаг байсан. Тэгвэл төрийн албаны шинэтгэлээр эдгээр асуудалд цэг тавьж байна. Тухайлбал, төрийн албаны удирдлагаар томилогдохдоо шат дамжлагаар явах, өөр мэргэжлийн хүн сонгохгүй байх, авилга албан тушаалын хэрэгт холбогдож шүүхээр шийдвэрлэгдсэн л бол дахин төрийн албанд ажиллахгүй байх зэргийг шинэчилсэн хуулинд тусгасан байдаг юм. Харин өнөөдрийн байдлаар зарим яам агентлагийн дарга удирдлагууд дунд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа цөөнгүй хүн байна.

Сонгуульд өрсөлдөхөөр төрийн албанаас өөрийн хүсэлтээр гарах тохиолдол бий. Он гарсаар ажлаа хүлээлгэн өгсөн ч цөөнгүй хүн байгаа юм. Тэгвэл шинэ хуулиар эдгээр хүмүүс сонгуульд ялалт байгуулж чадаагүй бол хуучин албан тушаалдаа эргэн томилогдох боломжгүй болжээ. Тодруубал, сонгууль нэр дэвшихээр ажлаа өгсөн хүмүүс төрийн албанд буцаж орохдоо төрийн албаны шалгалт өгөөд хэрвээ тэнцвэл анхан шатнаас нь эхэлж ажиллах зохицуулалттай. Одоогоор 23 яам, агентлагт түр орлон гүйцэтгэгчийн орон тоог нөхөх шаардлагатай байгаа юм байна. Энэ асуудлыг 3 дугаар сарын нэгэн гэхэд цэгцлэх үүрэг өгчээ.