Гүржийн нийслэл Тбилиси хотод олныг хамарсан жагсаал цуглаан үргэлжилсээр байна

Улс төр

Жагсаалд нэгдэгчид Гүржийн экс удирдагч Михаил Саакашвилиг шоронгийн эмнэлгээс шилжүүлэн, энгийн эмнэлэгт хэвтүүлэхийг шаардаж байгаа юм.

Тбилиси хотын гудамжнаа Саакашвилиг дэмжигчид өдөр алгасалгүй цугларсаар байгаа юм. Гүржийн нийслэлд ийнхүү жагсаал цуглаан дэгдэхээс 7 хоногийн өмнө Саакашвилиг Тбилиси хотын захад байрлах шоронгийн эмнэлэгт хүргэжээ.

Михаил Саакашвили Украинаас эх орондоо эргэн ирснийхээ дараа хоригдож, улмаар өлсгөлөн зарлаад байгаа юм. Түүний биеийн байдал нь муудан, шоронгийн эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлсэн байна.

Гүржийн экс ерөнхийлөгч Михаил Саакашвили 10-р сарын 1-нд эх орондоо эргэн ирэхэд нь түүнийг баривчилсан юм. Эх орондоо 8 жил эзгүй байсан түүнийг төрийн эрхэнд байх хугацаандаа эрх мэдлээ хэтрүүлсэн, төрийн мөнгийг үрэн таран хийсэн зэрэг 4 эрүүгийн хэрэг тулгаснаас 2-рт нь гэм буруутай гэж тооцжээ.

Саакашвили Гүржийн эрх баригчид түүнийг ийнхүү хорьж цагдаж байгааг эсэргүүцэн, тэрээр улс төрийн золиос, улс төрийн хоригдол гэж өөрийгөө үзэж байгаагаа мэдэгдэн өлсгөлөн зарласан юм.