Нийгэм

Монгол улс халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрөөс гамшгийн бэлэн байдалд шилжиж байна.   Ингэснээр урлаг спорт, хурал зөвлөгөөн, семинар, үзвэр үйлчилгээ, шашны цуглаан, үзэсгэлэн зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээг хориглож байгаа юм.  Хэрвээ Монгол улсад шинэ коронавирусын халдвар бүртгэгдвэл гамшиг нүүрлэнэ. Тиймээс энэ эгзэгтэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж үүргээ биелүүлэхийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.  

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байгаа нь коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар гарсан тохиолдолд бэлэн байдал байх явдал юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албадыг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллах, халдвар илэрсэн тохиолдолд хорио цээрийн дэглэм тогтоох зэрэг олон төрлийн үйл ажиллагааг хийдэг байна.

Өндөржүүлсэн бэлэн байдал гэдгийг ард иргэд хүнсний бараа бүтээгдэхүүний хомсдолд орно гэсэн ташаа ойлголттой байгаа. Үүнийг ч албаныхан тайлбарлалаа. Хүнсний бүтээгдэхүүний хомсдолд орохгүй гэдгийг мэдэгдлээ. Мөн хууль бусаар худал мэдээлэл тарааж хүнсний хомсдол үүсгэсэн, халдвартай холбоотой үндэслэлгүй мэдээлэл тархааж нийгэмд эмх замбраагүй байдал үүсгэхгүй байхыг анхаарууллаа. Мэдээллийг зөвхөн баталгаатай эх сурвалжаас авч байхыг албаныхан сануулж байна.

Одоогийн байдлаар коронавирустэй холбоотой ташаа мэдээлэл тараасан 10 гаруй хэрэгт 30 орчим иргэний шалгаж байгааг хэлж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед худал ташаа мэдээлэлд үндэслэн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх зэрэг асуудалд мэргэжлийн байгууллага хяналт тавин ажиллах юм байна. ОБЕГ-аас ард иргэдийг тайван байж, үймж сандрахгүй байхыг мэдээллийн үеэр онцоллоо. 

  • Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх,
  • Шуурхай штаб байгуулах,
  • Гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албадыг тусгай горимд шилжүүлэн ажиллах,
  • Олон нийтийг хамарсан арга хэмжээ, үйл ажиллагаанд иргэдийг оролцуулахгүй байх,
  • Нийтийн үйлчилгээний газрын ажлын цагийн хуваарьт хязгаарлалт хийх,
  • Сар шинийн баяртай холбоотой зар сурталчилгааг зогсоох,
  • Хүнс барааны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг хориглох зэрэг олон арга хэмжээ хамаардаг байна.