Нийслэлийн 90,000 гаруй иргэн зориулалтын бус зууханд сайжруулсан түлшээр галлаж байна

Нийгэм

2000 оны эхээс эхлээд азийн цагаан дагина нэртэй Монголын нийслэл утаанбаатар болж 2006 оноос эхлэн түүхэн дээд хэмжээндээ тулж бохирдол ихтэй дэлхийн хотуудыг тэргүүлж эхэлсэн.

Үүнээс хойш 10 гаруй жил утаа улс төрчдийн "попрох" сэдэв болж үе үеийн засгийн газар утааны эсрэг бүтэлтэй, бүтэлгүй олон ажил хийж хэдэн зуун тэрбумаар нь зарцуулсан ч нүдэнд харагдах үр дүнд хүрээгүй. Харин өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тэргүүлсэн засгийн газар сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж, түүхий нүүрсийг халснаар утаа 50-иас илүү хувиар буурсан нь тоон үзүүлэлт дээр харагдаж байгаа. Гэвч нүдэнд харагдах утааны хэмжээ буурсан ч агаар дахь бохирдлын хэмжээ буураагүй харин ч өссөн үзүүлэлт гарчээ. 

Нэг талдаа төрөөс олон ажил хийсэн ч утаа буураагүй шалтгааны нөгөө талд иргэдийн ухамсар үүрэг оролцоо юу юунаас чухал байгааг албаны хүн хэлж байна. Ердөө ганц жишээ дурдахад гэр хорооллын 192 мянган айл өрхөд утаагүй зуух хөнгөлөлттэй үнээр тараасан ч өнөөдрийн байдлаар утаагүй зуухны 3-ны хоёр нь хөдөө орон нутаг руу зарагдсан, эсвэл төмрийн хог болон тушаагдсан байгааг албаны хүн хэлж байгаа юм. Мөн иргэдэд үнэ төлбөргүй тараасан угаарын хий мэдрэгчийн 30 гаруй хувь өнөөдрийн байдлаар ажиллагаагүй болжээ.  

 

Нийслэлийн гэр хорооллын 192 мянган айл өрхөөс 90 гаруй мянга нь зориулалтын бус, уламжлалт Монгол зууханд галлагаа хийж байгаа нь угаартах эрсдэлийг нэмж байна. Мөн угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг хангаж чадаагүй эвдэлсэн байж дахин үнэгүй угаар мэдрэгч нэхэх иргэд ч цөөнгүй байна. Иргэн бүрийн амьдралын чанарыг сайжруулах гэж төрийн төлөөлөл болсон алба хаагч айл өрхийн хаалгыг нүдэж  аюулгүй байдалд нь анхаарч чадахгүй. Тиймээс дор бүрнээ хариуцлагатай байж ухамсартай хандахыг албаны хүмүүс сануулж байна.