Нийгэм

Чингэлтэй дүүргийн 19-р хороо Гүнтийн даваанд хяналтын цэг байгууллаа. Камержуулалт бүхий, мэдээ мэдээллээр хангах удирдлагын функцтэй тус хяналтын цэгт мэргэжлийн байгууллагуудын албан хаагчид байрлаж нийслэлийн иргэдийг хүн, малын гоц халдварт өвчин, гэмт хэргээс сэргийлэх тал дээр анхааран ажиллах юм. 

Байнгын ажиллагаа бүхий Гүнтийн даваан дахь хяналтын цэгт мал эмнэлэг, мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаа зэрэг байгууллагын алба хаагчид байрлан ажиллах юм. Тус цэгээр нэвтэрч нийслэлд орж, гарч буй тээврийн хэрэгсэл, зорчигчдод хяналт шалгалт хийх юм. Энэ нь хүн, малын гоц халдварт өвчин, гарал үүслийн бичиггүй мал амьтны түүхий эд, хулгайн мод бэлтгэл, хулгайн ан зэргээс урьдчилан сэргийлэхэд чухал нөлөөтэй гэж албаныхан хэлж байна.

Тус хяналтын цэгийг мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид байрлах, камержуулалт, мэдээ мэдээллээр хангах удирдлагын функц бүхий тусгай зориулалтын өрөө тасалгаагаар тохижуулсан байна. Ирэх хавраас тээврийн хэрэгсэл ариутгах терминал, тусгаарлах журмын хашаа, ногоон байгууламжаар тохижуулна гэдгийг албаныхан онцоллоо. Мөн аваар осол, гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх үүднээс Гүнтийн даваа хүртэл зуслангийн замд гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг бүрэн хийж гүйцэтгэжээ.