Нийгэм

Коронавирус өвчний улмаас сургууль, цэцэрлэг карентилж хүүхдүүд голдуу гэртээ байна. Тийм учраас "Цагаан лавай" чуулга өөрсдийн уран бүтээлээ бэлтгэж IPTV-ээр хүүхэд багачуудад хүргэхээр төлөвлөжээ. Тэд "Миний цэцэн хурга" үлгэрээс сэдэвлэсэн тайзны жүжиг бэлтгэсэн байна.

“Миний цэцэн хурга” хүүхдийн дуулалт бүжгэн жүжгээр хүүхэд багачуудад Монголын ахуй амьдралыг түүхэн уламжлалт өв соёлтой хослуулан хүүхдийн сэтгэхүйн онцлогт таарсан хэлбэрээр тавьж байгааг онцоллоо. Таван хошуу мал, амьтнаар дамжуулан хүүхэд багачуудад ахмад буурлынхаа үгийг сонсох, аливаа зүйлийг тунгаан бодох зэрэг ач тусын тухай өгүүлэх юм байна.

Өнөөдөр "Цагаан лавай" чуулга Соёл урлагийн газартай "Миний цэцэн хурга" дуулалт бүжгэн жүжгийг нийтэд хүртээх, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Үндэсний контент учраас хүүхэд багачуудад үр өгөөжтэй байна гэдгийг албаныхан хэлж байна. Цаашид бусад урлагийн байгуулагууд ч мөн адил хүүхэд багачуудад зориулсан үндэсний контент гаргаж технологийн дэвшил ашиглан олон нийтэд хүртээхийг Соёл уралгийн газраас уриаллаа.

Цагаан лавай чуулга анх удаа хүүхдийн уран бүтээл туурвиж байгаа юм байна. Жүжиг хэдийгээр дэлгэцээр гарах ч үзэгчдэд театрт үзэж байгаа мэт мэдрэмжийг төрүүлнэ гэдгийг уран бүтээлчид хэлж байна. Жүжгийн ерөнхий найруулагчаар СТА Д.Ганболд, хөгжмийн зохиолчоор СТА О.Чинбат зэрэг уран бүтээлчид ажиллажээ.