Нийгэм

Цаг агаар дулаарч, хасах градус бага багаар буурсаар байна. Хаврын энэ өдрүүдэд угаартах эрсдэл нэмэгддэг байна. Тийм учраас Нийслэлийн онцгой байдлын албанаас иргэдийг анхаарал сэрэмжтэй байхыг санууллаа. Мөн пийшин зуухаа дахин нягталж, эрсдэлээс үр хүүхэд, гэр бүлээ хамгаалахыг уриалсан байна. Мөн хотын хэмжээнд шахмал түлшний хангамж хэвийн байгааг мэдээллээ. 

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой угаарын хийнд хордсон гэх дуудлага сар шинийн өдрүүдэд ирээгүй байна. Үүнээс гадна агаарын чанарын үзүүлэлт өмнөх оны мөн үеүдтэй харьцуулахад харьцангуй сайжирч утаа тэр хэрээр буурсан гэдгийг албаны хүмүүс онцоллоо. Гэхдээ иргэд сэрэмжээ алдаж болохгүйг сануулж байна. Учир нь хүйтний эрч суларсан хаврын цагт угаартах эрсдэл нэмэгддэг гэдгийг хэллээ.

Шинэ коронавирусийн халдвартай холбоотой хол хорио тогтоосон байгаа энэ цаг үед бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж болохгүйг  албаны хүмүүс сануулж байна. Мөн вирусийн дэгдэлтээс сэргийлж байгаа онцгой нөхцөл хэдий ч иргэд анхаарал алдаж угаарийн хийн хордлогыг мартаж болохгүй гэдгийг албаныхан онцоллоо.

Угаарын хийн хордлогоос сэргийлэх үүднээс гэр хорооллын айл өрхүүдэд угаар мэдрэгч төхөөрөмж суурилуулсан. Гэвч мэдрэгч ажиллахад иргэд дохиоллоо унтрааснаар угаартах эрсдэл гарсаар байгаа. Тиймээс мэдрэгчийг ажиллах үед хаалга цонхоо онгойлгон агаар сэлгэх хэрэгтэйгээс биш унтрааж болохгүйг дахин санууллаа.