ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааныг хойшлуулах саналыг Н.Энхболд гишүүн гаргажээ 

Засгийн газар

Шинэ он гарсны дараа засгийн газарт өөрчлөлт орж сайдууд өөрчлөгдөнө гэсэн бор шувуу төрийн ордонд ниссээр байна. Сайд болох гэсэн эрхмүүдийн марафон аль хэдийн эхэлсэн гэдэг яриа ч гарчээ. Зарим хэвлэлд хэн хэн сайд болохыг ч нэрлээд амжжээ. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах эсэх нь Ерөнхий сайдын бүрэн эрх. Тийм учраас таамаг төдий л яриа өрнөж байгааг гишүүд хэллээ.

Засгийн газар шинэ оны эхэнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эдийн засаг, хөгжлийн яам байгуулахаар болсон. Тэгвэл Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад УИХ-ын гишүүн Н.Учрал болох магадал өндөр хэмээн зарим хэвлэл прогноз гаргаж байгаа бол Эдийн засаг, хөгжлийн яамны сайдад амбиц тээсэн хэд хэдэн гишүүний нэр яригдаж байна.

Тухайлбал Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар, УИХ-ын үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Чойжилсүрэн нар өрсөлдөж байгаа гэх бор шувуу нисч байна.

Мөн Хууль зүйн байнгын хорооны дарга Бямбацогт, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ганбаатар нар яригдаж эхэлжээ. Сайдад яригдаж байгаа зарим гишүүдээс дээрх асуудлыг тодруулахад дараах тайлбарыг өгч байна.

Цэцийн дунд суудлын хуралдаан хэзээ товлогдож давхар дээлтэй холбоотой заалтыг хэлэлцэх нь тодорхойгүй байна.

Шинэ яамдын сайдад яригдаж байгаа гишүүдээс байр суурийн тодруулахад дараах хариултыг өглөө. Ямартай ч сайд болох хүсэлгүй, болохгүй гэж хариулахгүй байхаас харахад боломж нь нээгдвэл сайдаар ажиллах магадлал өндөр гэж цахим сүлжээнд бичиж байна. Гэхдээ шинээр байгуулагдах хоёр яамыг одоо мөрдөж байгаа хуулиар давхар дээлгүй сайд ахлах учиртай. Тэгэхээр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан УИХ-ын гишүүдэд боломж нээх юм. Гэхдээ цэцийн хуралдаан тодорхойгүй хугацаанд хойшлоод байгаа юм.

Хэрэв Үндсэн хуулийн цэц давхар дээлтэй холбоотой гишүүдийн маргааныг үндэслэлтэй гэж үзвэл УИХ тус заалтыг өөрчлөх эрх үүснэ. Улмаар засгийн газрын бүх сайд нар давхар дээлтэй байх зохицуулалт хийгдэх магадлал өндөр юм. Хэрэв дээрх зохицуулалт хийгдвэл сул сайд нарын суудалд дараах гишүүд яригдаж байна.

Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Л. Мөнхбаатар, Ш. Раднаасэд, Б. Бат-эрдэнэ, Уул уурхайн сайд Ендонгийн оронд УИХ-ын гишүүн Г. Тэмүүлэн нар яригдаж байгаа юм. Харин Эрүүл мэндийн сайдад М. Оюунчимэг гишүүн яригдаж байгаа бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Саранчимэг нар яригдаж байна.