Хятад Улс цөмийн дайнаас сэргийлэх тунхгийг дэмжиж байгаа ч одоогоор зэвсэглэлээ хорогдуулах бодолгүй байна

Үйл явдал

Их Британи, БНХАУ, ОХУ, АНУ болон Франц улсууд нэгдэн цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөхийг таслан зогсоож, цөмийн дайн дэгдэхээс сэргийлэх, энэ төрлийн зэр зэвсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх хамтарсан мэдэгдэл гаргасан... Хятад улс олон улсын энэхүү мэдэгдэлд нэгдсэн хэдий ч одоогоор зэвсэглэлээ хорогдуулахад бэлэн бус байгаагаа илэрхийлсэн юм.

Хятадын эрх баригчид улсынхаа Үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор цөмийн зэвсгээ шинэчлэх ажлаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм. Энэ талаар Хятадын гадаад хэргийн яамны зэвсэглэлд хяналт тавих газрын дарга Фу Цун мэдэгдсэн байна.  

Тэрээр энэ талаар хийсэн мэдэгдэлдээ:

-Хятад улс үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалах зорилгоор улсынхаа цөмийн зэвсгийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн шинэчилнэ. Дэлхийн цөмийн хүчирхэг хоёр их гүрэн зэвсэглэлээ үргэлжлүүлэн хорогдуулбал бид тэдэнтэй нэгдэхэд бэлэн байна. Гэхдээ ийнхүү нэгдэхийн тулд зэвсэглэлийн хэмжээгээ ойртуулах нь зүйтэй гэжээ.

Фу Цун түүнчлэн АНУ-ын тал Хятадыг цөмийн хүчин чадлаа үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж байгаад хардаж байгаа нь бодит үнэнд нийцэхгүй гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр тэмдэглэн хэлсэн байна.

Пентагон өнгөрсөн оны 11-р сард хийсэн мэдээлэлдээ Хятад улсыг 2027 он гэхэд цөмийн цэнэгт хошууны тоогоо 700 болгон нэмэгдүүлж, харин 2030 он гэхэд мянган нэгж болгох зорилт тавиад байгаа талаар онцолсон юм. Тэгвэл Стокгольмд төвтэй Олон улсын хүрээлэнгийн мэдээллээр 2021 оны байдлаар цөмийн зэвсгийн тоогоороо ОХУ болон АНУ тэргүүлж, араас нь Хятад улс бичигдэж байна.  Ингэхдээ Оросын тал 6,200 нэгж зэвсэгтэй бол АНУ-5,500, харин Хятадын тал 350 нэгж цөмийн цэнэгт хошуутай гэж тоологдож байгаа юм.