Казахстаны эрх баригчид улс орондоо үндсэн хуулийн хэв журам тогтоолоо

Үйл явдал

Казахстанд шинэ оны дараа шингэрүүлсэн хийн үнийг нэмснээс шалтгаалан дэгдсэн дотоодын үймээн самуун, эмх замбараагүй байдал намжиж, энэ улсын эрх баригчид үндсэн хуулийн дагуу хэв журам тогтоож чадсан байна. Үүнтэй зэрэгцээд Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулах хүчин Казахстаны төрийн мэдлийн онцгой, дэд бүтцийн томоохон объектуудыг хамгаалалтад авчээ. 

Казахстаны эдийн засгийн нийслэл гэж тооцогддог Алматы хот яг л дайн тулааны талбар шиг болон хувирсан байна. Тэгвэл хотод дэгдсэн үймээн самуун намжсаны дараагаар энд тэндгүй харуул хамгаалалтын цэгүүд байгуулж, нөхцөл байдлыг хяналтандаа авч байна.

Казахстаны эрх баригчид улс орондоо бүхэлд нь хяналт тогтоож, эмх замбараагүй байдлыг дарж, хууль хүчний байгууллагууд аюулгүй байдлыг сахин хамгаалж эхэлсэн талаар мэдээлж байгаа юм.

Түүнчлэн үүнтэй зэрэгцээд Казахстанд оруулсан энхийг сахиулах хүчин мөн улс орны онцгой объектуудыг хамгаалж байна. Энхийг сахиулах хүчин дотоодын хууль хүчний байгууллагынхантай хамтран засгийн газрын барилгууд, нисэх буудал, Байконур дахь сансрын нислэгийн төв, мөн бусад дэд бүтцийн онцгой объектуудыг хамгаалалтад авчээ.

Түүнчлэн нийслэл Нурсултан хотод хот хоорондын хөдөлгөөнийг хянах 6 хяналт шалгалтын пост байгуулжээ. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулах хүчний хувьд 2009 оноос хойш анх удаа ийнхүү Казахстан улсад үүрэг хүлээж байгаа юм.