Нийгэм

Өглөө 07 цагт хорио цуцлагдаж нийслэл, аймаг сумаас гарч орох хөдөлгөөн нээгдлээ. Улаанбаатар хотоос гарч орох гэсэн иргэд ч олон байгаа юм. Тээврийн цагдаагийн алба, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдлын албан хаагчид пост бүр дээр ажиллаж байна. Өвчнөөс урьдчилан сэргийлэхэд бүх анхаарлаа хандуулж байгаа учраас иргэдийг хүлээцтэй, хамтран ажиллахыг санууллаа. 

Улсын онцгой комиссын Шуурхай штабт гамшгаас хамгаалах улсын алба, холбогдох яам агентлагийн 60 гаруй алба хаагч 24 цагийн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. “МИАТ” ТӨХК-ийн тусгай үүргийн онгоцоор өчигдөр БНСУ-аас ирсэн иргэдийг татан авах ажиллагааг гурван цагийн дотор зохион байгуулсан юм. Тэдгээр иргэдийг “Энхсаран” сувилал, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, Жаргалант сувилалд тусгаарласан. Улаанбаатар-Берлин-Москва чиглэлийн “МИАТ” ТӨХК-ийн тусгай үүргийн онгоцоор Москвагаас 93, Берлинээс 138 нийт 231 хүн өнөөдөр /2020.03.16/ өглөө 07.57 цагт ирсэн. Иргэдэд тандалт хийж байгаа гэлээ.

Маргааш Туркийн Истанбул хотоос дараагийн онгоцыг хүлээж авна. Дэлхий нийтээр нөхцөл байдал хүндэрсээр байна. Өвчилсөн хүний тоо дэлхий нийтийн хэмжээнд 150 мянга гарч, нийтдээ 6500 дээш хүн нас барсан.  Халдвар авсан улсын тоо 150 болж хурдтай өсч байгаа энэ үед нэг ч гадны иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй гэлээ.

ДЭМБ-аас хоёр хоногийн өмнө Европ тив халдварын том голомт болсон гэдгийг зарласан. Зөвхөн Испани улсад ойролцоогоор 46 сая хүн гэрийн хорионд ороод байна. АНУ өчигдрөөс Их Британи, Ирландаас онгоц хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн. Тэдгээр улс орнуудын зүгээс Монгол Улстай төстэй арга хэмжээг авч байна. Тийм учраас цаашид олон удаа онгоц хүлээн авахад хүндрэлтэй болж байгааг Улсын онцгой комиссоос мэдээллээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ