Нийгэм

Өглөө 7 цагт хорио цуцлагдаж нийслэл аймаг сумаас гарч орох хөдөлгөөн нээгдлээ. Улаанбаатар хотоос гарч орох гэсэн иргэд ч олон байгаа юм. Тээврийн цагдаагийн алба, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдлын албан хаагчид пост бүр дээр ажиллаж байна. Өвчнөөс урьдчилан сэргийлэхэд бүх анхаарлаа хандуулж байгаа учраас иргэдийг хүлээцтэй, хамтран ажиллахыг санууллаа.

Монгол улсад ирсэн Франц иргэнээс Ковид-19 халдвар илэрч, Монгол улсад шинэ төрлийн короновирусийн анхны тохиолдолд бүртгэгдсэн өдрөөс эхлэн Улаанбаатар хот руу орох гарах хөдөлгөөнийг түр хязгаарлаад байсан юм. Тэгвэл Улсын онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр өглөө 7 цагаас эхлэн  хөдөлгөөн хэвийн үргэлжилж эхэллээ. Шалган нэвтрүүлэх товчоо, нэмэлт постууд дээр цагдаа, онцгой байдал, эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ үүрэг гүйцэтгэж байлаа. Шалган нэвтрүүлэх товчноонууд дээр өглөөгүүр Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөн их байсан юм. Иргэд, жолооч нар энэ удаад хүлээцтэй тайван байж асуумж судалгаагаа бөглөж, хяналтын постоор нэвтэрч байсныг аллбаныхан онцолж байлаа. Харин хүнээ хэтрүүлэн тээвэрлэх зөрчил их байсныг цагдаагийн байгууллагаас ярьж байна.

Энэ удаад эрүүл мэндийн байгууллагаас хүн хүчээ 2 дахин нэмэгдүүлжээ. 22-ын товчоон дээр гэхэд л нэг дор 40 эмч ажиллаж байна. Орж гарч байгаа хүн бүрийн халууныг хэмжиж, асуумж судалгаа бөглүүлж байлаа. Постон дээр ирсэн хүмүүсээс өндөр халуунтай болон шинж тэмдэг илэрсэн нэг ч хүн байгаагүй гэлээ.

Шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдээр нэвтрэх зорчигчдоос  эрүүл мэндийн байдал  болон эрсдлийг тодорхойлох зорилгоор “Зорчигчийн асуумжийн хуудас”-аар судалгаа авч байгаа юм. Иймд  тухайн хэсгүүдэд хөдөлгөөний ачааалал, хүлээгдэл үүсэх  учир иргэд, жолооч нар хүлээцтэй, тэвчээртэй байж, албаны хүмүүсийн шаардлагыг биелүүлж, ажилд нь хүндрэл учруулахгүй байхыг хүсч байсан юм. Мөн жолооч нар тээврийн хэрэгслийн хурд болон хүн тээвэр хэтрүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ