Мьянмарын шүүх Аун Сан Сунжид 4 жилийн хорих ял оноолоо

Улс төр

Мьянмарын шүүх улсынхаа “Ардчиллын төлөөх Үндэсний лиги” намын тэргүүн, Нобелийн энхтайвны шагналт улс төрч Аун Сан Сунжид 4 жилийн хорих ял оноолоо. 

Мьянмарын төрийн зөвлөх асан хатагтай Аун Сан Сунжид энэ улсын прокурорын албанаас 10 жилийн хорих ял оноож болзошгүй байсан ч шүүх хэргийг авч хэлэлцэн ялын хэмжээг 4 жил болгосон байна. 

Хатагтай Аун Сан Сунжид оноох ялын дүгнэлтийг тогтоох шүүх хурал 2021 оны 12-р сарын 27-нд болох ёстой байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байсан юм. Түүнчлэн 12-р сарын эхээр болсон шүүх хурлын үеэр Аун Сан Сунжид цар тахлын халдварын тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалтыг зөрчсөн, нийгмийг эмх замбараагүй байдалд турхирсан зэрэг хэрэгт буруутган мөн 4 жилийн хорих ял оноожээ. 76 настай Аун Сан Сунжи түүнд тулгаад байгаа хэргийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна. Мьянмарын “Ардчиллын төлөөх Үндэсний лиги” намын тэргүүн улс орондоо 2021 оны 2-р сард болсон цэргийн эргэлтээс өмнө төрийн зөвлөхийн хувиар улсынхаа засгийн газрыг тэргүүлэн ажиллаж байжээ.