Нийгэм

Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Мөнхгэрэлд тохиолдсон харамсалтай үйл явдлын талаар мэдээлэл хүргэе. Таван хүүхэдтэйгээ эрүүл саруул амьдарч байсан тэдний гэр бүлд гай тохиож гэр нь бүрэн шатжээ. Хаврын тарчиг цагт орох оронгүй хоцорч хүндхэн байдалд орсон байна. Гэхдээ эрүүл саруул байгаа учраас яаж ийгээд аргаа олно доо гэдгийг иргэн Мөнхгэрэл ярилаа.

Энэ сарын 6-ны өдөр Хэрлэн сумын иргэн Д.Мөнхгэрэлийн 4*11-ийн хэмжээтэй байшинд гал гарсан байна. Гал гарах үед эхнэр нь хүүхдүүдийнхээ хамт гэртээ байжээ. Гал гал тогооны өрөөнөөс эхэлж гарсан учраас жижиг өрөөнийхөө цонхоор галаас амь гарч амжжээ. Байшин гарааш залгаа учраас зөвхөн хана туурга, төмөр рам л үлдсэн байна. Д.Мөнхгэрэлийн гэр бүл хаврын хавсрага салхинд орох, орон, өмссөн хувцаснаасаа өөр зүйлгүй үлджээ.  

Аймгийн онцгой байдлын газраас галын урьдчилсан дүгнэлтийг нам даралтын зуухнаас гарсан гэж дүгнэжээ. Тодруулбал үнс нурамнаас гал алдсан гэсэн байна. Байшингийн хана туурганаас өөр зүйл үлдээгүй учраас Д. Мөнхгэрэлийн хамаатан садан, найз нөхөд нь ойр зуурын өмсөх хувцас, түр орогнох гэр, хоол хүнсний туслалцаа үзүүлж байна гэлээ.

Д.Мөнхгэрэл 10 сартайгаас 10 хүртэлх насны таван хүүхэдтэй. Гал гарах үед азаар хүүхдүүд бэртэж гэмтээгүй байна.