Нийгэм

Багануур дүүргийн иргэд болох С. Солонго, Б. Манлайбаатар нар дохионы хэлмэрчид зориулсан амны хаалт хийжээ. “Ковид-19” халдвараас сэргийлэхийн тулд хүн бүр амны хаалт тогтмол зүүхийг ЭМБ-аас зөвлөсөн. Гэсэн хэдий ч сонсголын бэрхшээлтэй иргэд болон дохионы хэлмэрчдэд зориулсан амны хаалт худалдаанд байхгүй байгаа юм.

Тэд энгийн, даавуун маск хэрэглэвэл амны хайрцаг харагдахгүй учраас ойлголцохгүй юм. Ялангуяа цаг үетэй холбоотойгоор ЭМЯ-наас хийж байгаа мэдээ мэдээллийг сонсголын бэрхшээлтэй иргэдэд ойлгомжтой, тэгш хүргэх зорилгоор амны хаалт зүүхгүй, өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа хэлмэрчдэд зориулж С. Солонго, Б. Манлайбаатар нар амны хаалт үйлдвэрлэж эхэлжээ.

Цаашдаа амны хаалтаа улам боловсронгуй болгож, олноор үйлдвэрлэж, дохионы хэлмэрч, сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлаар үйлдвэрлэхийг зорьж байгаагаа Манлайбаатар, Солонго нар ярьсан юм.