Нийгэм

Сошиал орчинд хүүхдүүдтэй хамт морьтой давхих нэгэн залуугийн бичлэг хурдацтай түгэж байна. Энэ залууг Түвшинжаргал гэдэг. Тэрээр хүүхэд, залууст Монгол ахуйг сурталчилан таниулж, утас, цахим хэрэглээнээс хөндийрүүлэх зорилго тээн ажиллаж байна. Хүүхдүүд морь унаж сурахаас гадна, үндэсний соёл уламжлалаа сэргээж, нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлдэг талаар ярилаа. Морь унаж, сэтгэл сэргэм бичлэг хийдэг залуугийн зүчээнээс сурвалжлага бэлтгэлээ.

Морин аялал байгуулахыг Х. Түвшинжаргал олон жилийн өмнөөс бодож, санаж явсаар одоогоос гурван жилийн өмнө бодитой ажил болгожээ. Техник, технологи асар хурдацтай хөгжиж, монгол ахуйгаасаа алхам алхмаар алсарч байгаа хүүхэд, залууст ахуй уламжлал, өвөг дээдсийн ур ухаан, ёс заншлыг энэ аяллаар ойртуулахыг зорьжээ. Анх аавынхаа тасалж өгсөн 4 адуутай эхэлж байсан бол өдгөө 90 шахам адуутай болжээ.

Сүүлийн үед морин аяллыг сонирхож ирдэг хүмүүс олон болсныг Х. Түвшинжаргал онцолж байна. Морины зүчээнд цөөхөн хэдэн минут саатахад л морины зүснээс эхлээд жолоо, цулбуураараа ялгаж, салгаж сурдгийг Х. Түвшинжаргал олзуурхан ярьж байна.

Морь унахад хүний биеийн бүх булчин зэрэг ажилладаг байна. Эрүүл чийрэг бие бялдартай болохоос эхлээд морь унахын ач тус их тул монгол морины эд хавыг гайхуулж, морин аяллаа улам өргөжүүлэхээ Х. Түвшинжаргал ярьсан юм.