Нийгэм

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл Улаанбаатар хотод хөл хорио тогтоосон. Энэ хугацаа өнөөдрөөр дуусч байгаа юм. Зарим фитнесс, спорт заалыг нээх чиглэлтэй байсан ч эрсдэл өндөр гэж хотын удирдлагууд үзсэн байна. Тийм учраас хорио цээрийн дэглэмийг ирэх 4-р сарын 30-ны өдөр хүртэл сунгахаар шийдлээ. Харин ууланд алхах замуудыг зөвхөн гэр бүлээрээ алхахад нь зориулж хэсэгчлэн нээхээр болсон байна.

Хоёрдугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн онцгой комисс хуралдаж олон нийтийн арга хэмжээг хязгаарласан. Үүнд, баар, цэнгээний газрууд, караоке, фитнесс, саун, иог, цэнгээнт бүжиг, дэн буудал, амралтын газар, цанын бааз багтсан. Мөн нийслэлийн нутгийн захиргааны бүх албан хаагчдыг гадаадад амралт, сургалт, томилолтоор явахыг хориглосон. Ресторан, кафены үйл ажиллагааг оройн 22 цаг хүртэл ажиллуулах шийдвэрийг энэ сарын 30-н хүртэл хэрэгжүүлэхээр тогтоод байсан юм. Харин Ковид-19 вирусын халдвар сүүлийн нэг сарын дотор дэлхийн 200 гаруй улсыг хамарч, цар тахлын хэмжээнд хүрсэн, манай улсад 12 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн зэргээс шалтгаалан хөл хориог дахин нэг сараар сунгалаа. Тодруулбал, ирэх сарын 30-н хүртэл

Баар

Цэнгээний газрууд

Караоке

Фитнесс

Иог, бясалгалын төвүүд

Цэнгээнт бүжиг

Дэн буудал

Амралтын газар

Цанын бааз

Саун, бассейн

Жолооны курс

Сургалтын дамжаа

Урлаг, соёл, кинотеатр, үзвэр үйлчилгээний газрууд

Спортын тэмцээн, уралдаан зохион байгуулах газрууд

Мэргэжлийн түр сургалтын байгууллагууд /бүх шатны сургалтын төвүүд, мэргэжил олгох түр сургалтууд, хэлний дамжаа, курс г.м/

Интернет, цахим тоглоомын газрууд

Бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрууд

Өдөр өнжүүлэх төвүүд

Хүүхэд харах үйлчилгээний газрууд багтаж байна

Хэдийгээр хөл хорио тогтоосон ч иргэдээс агаар салхинд гарах, спорт клубэд хичээллэх хүсэлтийг холбогдох төр захиргааны байгууллагад өгсөөр байгаа юм. Гэр бүлийн хүрээнд цөөхүүлээ агаар салхинд гарах боломжтойг хотын дарга онцоллоо. Ингэхдээ амны хаалтаа зүүх, хэт удахгүй, олон хүн цуглуулахгүй байх шаардлагыг тавих юм байна. Харин спорт клубын тухайд цөөхөн хүн хамрагдах боломжгүй учир үйл ажиллагааг үргэлжлүүлэн хязгаарлахаар шийдвэрлэжээ.